Л.Энх-Амгалан сайдад хаягласан 400 захидал иржээ

Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласантай холбогдуулан БШУ-ы сайдад и-мэйл илгээх аяныг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 14 хоногийн хугацаанд өрнүүлж байна. захидал хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлджээ.

Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар явуулах ба хоёрдугаар сарын 14-ний өдөр цахим хаяг хаагдаж, захидал хүлээн авах боломжгүй болно.

Дунд сургуулийн сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид, Их, дээд сургуулийн оюутнууд, Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, Эцэг эх, асран хамгаалагчид и-мэйл бичиж боломжтой. 

  • Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт
  • Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл
  • Суралцах орчны аюулгүй байдал
  • Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга сэдвийн хүрээнд захидлаа илгээх ба захидал бичсэн хүний мэдээллийг нууцлах юм байна.

Захидлын шугамыг нээсэн 10 хоногийн хугацаанд салбарын сайдад энэ сарын 9-ний өдрийн байдлаар 400 гаруй захидал иржээ. Захидлын шугамыг хаасны дараа дүн мэдээллийг нэгтгэн нийтэд зарлана. БШУЯ-ныхан ирсэн захидлуудыг ялган ангилж, хамгийн олон давтагдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөснөө мөн олон нийтэд мэдээллэх аж. 

БШУ-ы сайдад захидал бичих аяныг тодорхой сэдвүүдийн хүрээнд цаашид үргэлжлүүлэх ба боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг боловсролын үйлчилгээг хэрэглэгч, хүртэгчдийн дуу хоолойг сонсох замаар үе шаттайгаар шийдвэрлэх нэг чиглэл гэж үзэж буй ажээ.