Г.Өнөрбаяр: Дүүрэг бүрд нэг асрамжийн газар хэрэгтэй байна

Нийгмийн бодлогын байнгын хорооноос Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Энэ хүрээнд Ажлын хэсгийн гишүүд хэд хэдэн газрын үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Дүүрэг бүрд нэг асрамжийн газар хэрэгтэй байна. Цаашдаа дүүрэг бүр асрамжийн төв байгуулаад түүнийгээ хувийн хэвшилд түншлэлээр шилжүүлээд явбал зөв гэж хардаг. Эмч нарын хүрэлцээ, ажиллах нөхцөл тулгамдсан чухал асуудлуудын нэг. Асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа газруудад төрөөс хувьсах зардал олгож байгаа боловч хүнд хүмүүстэй ажилладаг учраас  ажиллаж сонирхолтой хүмүүс маш бага. Тиймээс нийгмийн асуудлыг нь шийдэж өгснөөр ажиллах хүч татах нэг хөшүүрэг. Үүнийг Ажлын хэсэг дээр ярилцаад гарц шийдэл олж ажиллана гэж бодож байна” гэдгийг онцолсон байна.