С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Эрт илрүүлгийн шинжилгээ үнэ төлбөргүй
Эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээнд иргэдийг хамруулахаар болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өвчилсөн хойно биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх нь орчин үеийн анагаахын чиглэл хандлага болж байна. Урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг анхдагч, хоёрдогч, гуравдагч гэж хуваадаг. Хоёрдогч сэргийлэлтийн явцад өвчний эрт илрүүлэг оношилгоо шинжилгээ хийснээр эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн сэргийлж хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлнэ. Цаашлаад эмнэлгийн ачааллыг багасгах, түүнчлэн эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой.
Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна. Энэ эрсдэл нь эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин их байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байгаа юм. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын сүүлийн 20 жил нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт тогтмол байсаар байна. Өөрөөр хэлбэл сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай. Үүнээс гадна иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт тогтмол хамруулах шаардлагатай.
2021 онд яамнаас 11 аймаг, зарим дүүргүүдэд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах ажлын хөрөнгө оруулалтыг хийж, засвар тохижилтын ажлуудыг дуусгасан. Шаардлагатай оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийг суурилуулсан. Мөн Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар 0-18 насны хүүхдийг уг шинжилгээнд хамруулдаг болсон. Түүнчлэн тодорхой насны бүлэгт хувааж, насан туршид нь эрт илрүүлэх шинжилгээнд хамруулдаг боллоо.
2022 онд зургаан насны бүлгээр, 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, үзлэг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр зүрх судасны өвчин, чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжийг 50 хувь, хорт хавдрын нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2024 он гэхэд монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж, наслалтын зөрүүг таван жил болгож, урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах эрчүүдийг 70 хувьд хүргэхээр зорин ажиллаж байна” гэв.