С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Б.Гэрэлт-Од: Цанын баазтай болохыг зорьж байна
Бээжингийн өвлийн олимпод тамирчдын хамт очсон хүмүүсийн нэг нь Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од байв. Тэрбээр олимп эхлэхээс өмнө тамирчдаа олон улсын бэлтгэлд хамруулах, тэмцээнд оруулах, байрлуулах, виз хөөцөлдөх гээд бүхий л ажлыг нугалж, арын албанд зүтгэсэн нэгэн. Манай тамирчдын тэмцээн өндөрлөсний дараа Б.Гэрэлт-Одтой уулзаж, олимпын наадмыг дүгнэн ярилцлаа.
-Монголын тамирчдын олимпын наадамд оролцсон байдлын талаар дүгнэж хэлэхгүй юу. Хамгийн сүүлд уралдсан Б.Ачбадрахын талаар яриагаа эхэлье.
-Б.Ачбадрах маань маш сайхан уралдлаа. Бидний зорьж, төлөвлөж байсан зорилго биеллээ гэж дүгнэж болно. Мэдээж олимпын наадамд дэлхийн чансааг тэргүүлсэн улс бүрийн шилдэг тамирчид оролцсон. Энэ дундаас манай тамирчин 65-р байрт шалгарлаа. Цагийн үзүүлэлт нь ч сайн гарсан.
Хэдийгээр сүүлийн хоёр жил Ковид цар тахлын улмаас бүх зүйл хаалттай, хэцүү байсан ч бид зүгээр суугааагүй. Манай тамирчид тэмцээн уралдаанд боломжоороо оролцож, чамлахааргүй амжилт үзүүлсэн. Б.Ачбадрах маань Б зэрэглэлийн ДАШТ-д наймдугаар байрт орсон. Олимпын өмнө Дэлхийн цомын гараанд Монголын цаначдын мөрөөдөл болсон FIS-ийн 100-гаас доош оноог авсан. Энэ бүх бэлтгэл, тэмцээн уралдааны үр дүн сая олимпын наадмаар гарлаа.
Бээжингийн олимпын замын тухайд маш сайхан зассан байна. Харин замын трассын хувьд тамирчнаас маш их тэсвэр шаардсан, урт урт өгсүүрүүдтэй юм билээ. 300-400 метрийн урттай гурван өгсүүр байна. Өгсүүрийн төгсгөл дээр гарч ирээд шууд уруудах боломжгүй, цааш үргэлжилсэн шулуун замтай. Хоёр тойрог уралдахаар эдгээр өгсүүрээр зургаан удаа дайрч гарна гэсэн үг.
Дасгалжуулагч нар маань зөвлөлдөж байгаад өгсүүрийн эхлэл хэсэгт цанын хурдыг сааруулалгүй эрчтэй өгсөх, өгсүүрийн төгсгөл дээр маш сайн ажиллаж, цаг хожих тактиктай уралдсан. Ачбадрах маань энэ тактикийг сайн биелүүллээ.
Манай тамирчны ард Япон, АНУ, Словен, Украин болон Солонгосын баг тэр чигээрээ орсныг онцлох нь зүйтэй. Ачбадрахын хувьд цаашдаа үүнээс ч илүү амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Тиймээс холбооны зүгээс Ачбадрахынхаа амжилтыг илүү ахиулахын төлөө хичээн ажиллах болно.
-65-р байрт орчихоод юундаа баярладаг юм гэж шүүмжлэх хэсэг бас бий. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Монгол Улсад цанын спорт ямар түвшинд хөгжсөн билээ гэдгийг бодолцож үзээсэй. Манай тамирчид эх орондоо бэлтгэл сургуулилт хийхэд маш хүндрэлтэй байдаг. Монголд цанын стандартын зам талбай, бааз байхгүй учраас бид бусад улсаас хоцрогдолтойгоор бэлтгэлээ базаадаг.
Харин гадагшаа гарч, зориулалтын зам талбайд бэлтгэл хийхэд манай тамирчдын үзүүлэлт ямар хурдан дээшилж буйг харж болно. Энэ мэт ялгааг ойлгох хүмүүс нь ойлгох байх аа.
Уг нь гүйлтийн цана бол монгол хүний бие, физиологид маш их зохицсон төрөл. Бид бусад орны тамирчидтай ижил нөхцөлд бэлтгэл хийдэг бол тамирчдын маань үзүүлэлт улам дээшлэх нь гарцаагүй. Хэдийгээр Монголд цанын бааз, орчин нөхцөл нь байхгүй ч олимпын дэвжээнд энэ хэмжээнд уралдаж байгаа нь чамлахааргүй амжилт юм.
-А.Энхтуулын уралдааныг дүгнэж хэлбэл?
-Манай А.Энхтуул олимпын наадамд анх удаа орлоо. Өөрөөсөө чансаа өндөр тамирчдыг ардаа орхилоо. Энхтуул 2021 оны ДАШТ-д орохдоо сүүлийн таван ДАШТ дэх монгол тамирчдын хамгийн шилдэг цагийн үзүүлэлтийг гаргасан. Сая Швейцарт болсон олимпын эрхийн тэмцээний 10 км-т 27 минут явлаа. Энэ бол монголчуудын хувьд маш сайн үзүүлэлт.
Хоёр тамирчин маань энэ удаагийн олимпод спринтийн зайд анх удаа эрхээ аван уралдсаныг мөн онцлох ёстой. Спринтийн зайд уралдсанаар дараа дараагийн олимпод бэлтгэх арвин туршлага хуримтлууллаа. Бид Монголд очсон даруйдаа дараагийн олимпын бэлтгэлдээ шамдан орох болно.
-Манай цаначид дараа дараагийн олимпод илүү олон тамирчинтай орж, илүү өндөр амжилт үзүүлэхийн тулд хамгийн түрүүнд юу хэрэгтэй байна вэ?
-Бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол олон улсын стандартын зам, талбай буюу цанын баазтай болох. “Скай ресорт” цанын бааз биднийг бүх талаар дэмжиж, тамирчдыг маань бэлтгэл хийх нөхцөлөөр хангадаг. Гэхдээ харамсалтай нь яг олон улсын стандартад нийцсэн зам талбай биш учраас зөвхөн энд бэлтгэл хийгээд тэмцээнд оролцох боломжгүй л дээ.
Дараагийн шаардлагатай зүйл нь мэргэжлийн боловсон хүчин. Мөн тамирчдын тоог олшруулах, цаныг бүх нийтийн спорт болгох гээд хийх ажил маш их байна.
Бид хоцрогдлоо арилгахын тулд Швейцарын цанын холбоотой хамтран ажиллаж байгаа. Өчигдөр л гэхэд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын багийн ахлагч Ц.Сандуй нарын хамт Швейцарын цанын холбооны төлөөлөлтэй уулзсан. Үүний хүрээнд 2026 оны олимп хүртэл Швейцарын талтай хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулж байна.
-Цанын бааз, зориулалтын зам талбай байгуулахад хэдий хэр хөрөнгө шаардлагатай бол?
-Цанын холбоонд гүйлтийн цанаас гадна уулын цана, фристайл, сноуборд гээд маш олон төрөл багтдаг. Энэ бүгдийг цогцоор нь багтаасан, иж бүрэн цанын бааз, тамирчдын байр гээд бүгдийг тооцвол урьдчилсан тооцоогоор 97 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Мэдээж энэ бол их мөнгө. Шууд гаргаад баазаа байгуулчих боломжгүй.
Гэхдээ бид эхний ээлжинд 5.5 км-ийн асфальтан хучилттай гүйлтийн цанын зам, ус нөөцлөх цөөрөм, төв замаас салсан 9 км урттай сайжруулсан зам байгуулах ажилд анхаарлаа хандуулахаар төлөвлөсөн. Ядаж 5.5 км-ийн асфальтан замаа барьчихвал манай тамирчид зундаа дугуйт цанын бэлтгэл хийх боломж бүрдэнэ. Өвөлд нь зориулалтын цанын зам болгон ашиглах юм.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг Олон улсын цанын холбоо, гадаадын түншүүдийн тусламжтайгаар эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Бид ямартай ч Төв аймгийн Борнуур сумын Шарын аманд 153 га газрыг цанын бааз байгуулах зорилгоор авахаар болж, захирамжаа гаргуулсан.
Хэдийгээр бид гаднын түншүүдтэй хамтрах ч гэлээ улсын дэмжлэггүйгээр энэ бүх ажлыг яагаад ч хийж чадахгүй. Бидэнд асфальтан зам болон сайжруулсан зам барих ажилд төрийн зүгээс тусалбал Монголын цанын тамирчдад маш том дэмжлэг болно.
-Цанын холбоонд өөр олон төрөл багтдаг. Эдгээрээс Монголд хөгжих боломжтой нь аль төрөл вэ?
-Бид эхний ээлжинд сноубордын борд кросс, слалом, паралель слалом, уулын цанын кросс, паралель слалом, фристайлын могул төрлүүдийг хөгжүүлж, 2026 оны олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Монголын тамирчид маш олон байгууллага, хувь хүний тусламжтайгаар эрхээ авч, олимпын наадамд оролцсоныг энд онцлон дурдмаар байна. Тамирчид маань бэлтгэлээ хийж, олимпын наадамд оролцоход МҮОХ, БТСУХ, “Скай ресорт” төв, Гадаад харилцааны яам, Швейцар улсад суугаа ЭСЯ, И Март компани зэрэг олон байгууллага тусалж дэмжлээ.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хамгийн сүүлийн үеийн сайн чанарын цана авч өглөө. Энэхүү цаныг манай тамирчид хөлөглөн уралдсан. Мөн Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ биднийг дэмжиж, сайн чанарын цана авч өгсөн. Биднийг тусалж дэмжсэн бүх хүн болон Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан, холбооны үе үеийн удирдлагууд, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, арын албаныханд баярлаж талархсанаа илэрхийлье.