С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
С.Энхболд: Иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сард эхлүүлэх шийдвэрийг гаргажээ.
Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна. Танилцуулгатай холбоотойгоор нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамруулахаар нэмлээ. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана.
2022 онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасгах, улсын орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энболд " Манай улс 2018 оноос эхлэн насны багцаар ЭМДС-гаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болсон ч жилийн үзүүлэлт 10 хувиас дээш гардаггүй буюу хангалтгүй байдаг. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана. Урьдчилан сэргийлэх үзлэгт зориулж Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдэхээс гадна цаашид гарах санхүүгийн эрсдэлээс ч сэргийлэх боломжтой. Монгол Улсын дундаж наслалт эмэгтэйчүүд 70.3, эрэгтэй 60.6 буюу насны зөрүү 9,7 жил байдаг. Засгийн газар 2024 хүртэлх мөрийн хөтөлбөртөө дээрх зөрүүг таван жил болгоно гэсэн зорилт тавьсан.
Сүүлийн хоёр жилд цар тахал өртсөн иргэд нөхөн сэргээх оношилгоонд хамрагдах, нас баралтын шалтгаан болсон тэргүүлэх таван өвчнийг /зүрх судас, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн, шээс бэлгийн зам, гэмтэл согог/ эрт илрүүлэх зорилготой. Монголд олон улсад хэрэглэж байгаа 24-25 оношилгоо шинжилгээний 17-г хийдэг. Бүх насныхан буюу нярайгаас ахмад үеийн бүх иргэнийг хамруулах зорилтыг тавин бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.