С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох төслийн хурал боллоо
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн удирдах хорооны хурал боллоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-наас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн удирдах хорооны ээлжит хурал 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр болов.
Хурлын үйл ажиллагааг нээж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дарга Э.Баттулга, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дэд дарга Т.Жамбалцэрэн болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч, төслийн Удирдах хорооны дэд дарга Элейн Конкиевич нар үг хэллээ.
Энэ удаагийн хурлыг БОАЖЯ-ны "Уур амьсгалын өөрчлөлтийн газар"-ын дарга, Төслийн захирал Ш.Цэрэндулам удирдлаа. Төслийн удирдах хороонд Сангийн яам болон төслийн хэрэгжүүлж буй яамдын газрын дарга нар, ЦУОШГ болон ОБЕГ-ын удирдлагаас гадна төсөл хэрэгжиж буй дөрвөн аймгийн Засаг дарга нар байдаг.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн удирдах хорооны дарга Э.Баттулга хурлын нээлтэд хэлсэн үгэндээ:
- "Энэхүү төсөл нь 2021 оноос 2028 хүртэл үргэлжлэх 7 жилийн хугацаанд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэдий ч, төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа түүний сөрөг нөлөөллийг хамгийн ихээр амсаж байгаа Монголын хөдөөгийн ард иргэд, малчид хэрхэн дасан зохицох арга зам, боломжийг гарган харуулах улс орны хэмжээний нийтлэг ач холбогдолтой үр дүнг төслөөс хүлээж буй.
- Улмаар төслийн үйл ажиллагааны хэрэгжилт хангалттай биш байгааг анхааруулан, төслийн 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тендерийн үйл ажиллагааг хурдасган, зөвлөхүүдтэй байгуулах гэрээг 3 дугаар сардаа багтаан байгуулах, гэрээлсэн зөвлөхүүдийн ажлыг аль болох богино хугацаанд шахан гүйцэтгүүлэх, санхүүжүүлэгчээс өгсөн шаардлагын дагуу төсвийн гүйцэтгэлийн хэмжээг 2021 оны санхүүжилтийн 70 хувь хүртэл нэмэгдүүлэх талаар БОАЖЯ-наас анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дэд дарга Т.Жамбалцэрэн:
- “Төслийн хүрээнд хөдөө орон нутагт газар дээр нь аль болохоор бодитоор хэрэгжих, үр дүн нь богино хугацаанд гарч цаашид дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар анхааран ажиллах хэрэгтэй байна.
- Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд БОАЖЯ болон НҮБХХ-тэй манай яам нягт хамтран, дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч, төслийн удирдах хорооны дэд дарга Элейн Конкиевич хэлсэн үгэндээ: “Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй энэ төслийн цар хүрээ өргөн, санхүүжилт их тул бид бүхэн амжилттай хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна" гэлээ.
Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБХХ-өөс Монгол улсын Засгийн газарт төслийн захирал, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам төслийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа
Төслийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал, тулгамдаад буй асуудал болон 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч нэгжээс танилцуулсан.
Төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгч 4 аймгуудаас тусгуулахаар гаргасан саналыг төслийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтэд уялдуулан төлөвлөгөөнд тусгах чиглэл өгч, төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.