О.Батбаяр: Сүргийн дархлаа хангалттай хэмжээнд тогтсон

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19"-ийн нөхцөл байдлын талаарх долоо хоногийн нэгдсэн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Улс орнууд хөл хориогоо цуцалж, хилээ нээж байна. Манай улсад тодорхой хэмжээнд халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Халдварын тоо болон дельта хувилбартай харьцуулахад нас баралт 10 дахин багассан. Эмнэлгийн ачаалал буурч байна. Сүргийн дархлаа хангалттай хэмжээнд тогтсон. Иймд хил дээрх хязгаарлалтыг цуцалсан. Иргэд нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Омикроны халдвар авсан иргэд давтан тунд хамрагдаагүй бол эрсдэл өндөртэй. Судалгаагаар нотлогдож байна. Тиймээс халдвар авсан иргэд 21 хоногийн дараа нэмэлт вакцинд хамрагдахыг уриалж байна.

Гадаад руу нисэх гэж байгаа иргэдээс ХӨСҮТ-д шинжилгээг авч байна. Үүссэн гол асуудал нь Монгол Улсаас БНСУ руу  өнөөдрийн нислэгээр гурван эерэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тус улсын Онцгой комисс хоёрдугаар сарын энэ сарын 23-ныг хүртэл манай улсаас иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Иргэд зөвхөн ХӨСҮТ-д шинжилгээ өгөх зохицуулалтыг хийсэн ийм учиртай" гэлээ.