Гадаад тусгай албанд мэдээлэл дамжуулсан иргэнд ял оноожээ

Монгол Улсын иргэн Л гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариунд мөнгөн урамшуулал удаа дараа авсан хэргийг Тагнуулын ерөнхий газраас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Улмаар тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг энэ сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч этгээдийг гэм буруутайд тооцон найман жилийн хорих ял оноосон байна.

Мөн иргэн А, Э нар нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласныг илрүүлсэн байна. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 19.4, 19.10 дугаар зүйлд зааснаар 2021 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгааг тагнуулаас мэдээлсэн юм.