Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын 98 хувийг шийдвэрлэжээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд 2021 онд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.  

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа алба агентлагууд зэрэг 1248 байгууллагын 3009 нэгжийн 28 мянган албан хаагч ERP системд нэгдсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд 27312 өргөдөл гомдол ирсний 98 хувийг шийдвэрлэжээ. Эдгээрээс нийслэлийн 34 агентлагт хаягласан 13685  өргөдөл гомдол ирснээс Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Авто замын хөгжлийн газарт хамгийн олон өргөдөл өгсөн байна. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн удирдах газар, Зорчигч тээвэр-3 зэрэг газруудад иргэд олноороо хандсан бол орон нутгийн өмчит төсөвт байгууллагуудаас Нийгмийн халамжийн тусгай төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Төр захиргааны авто бааз гэсэн газрууд өргөдөл гомдлын тоогоороо тэргүүлж байна. Есөн дүүргийн хэмжээнд 7200, Захирагчийн ажлын албанд 509 өргөдөл гомдол ирсэн байна.  

Нийслэлийн  хэмжээний нийт байгууллагад хаягласан өргөдөл гомдлын шийдвэрлэлт өндөр хувьтай байгаа ч хуулийн хугацаанд нь хариу өгөөгүй, хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн дутагдал нийтлэг байгааг дурдаж байлаа. Тиймээс энэ онд өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаанд анхаарч, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхэд  хүндрэлтэй байгаа тохиолдолд хугацааг нэг удаа 30 хоногоор сунгадаг боломжийг ашиглах нь зүйтэй хэмээн санууллаа.