Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Ц.Магалжав: Харийн дарангуйлагчид эзлэгдсэн 1920 онд наадмаа тэмдэглээгүй
Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хороо Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулж байна. Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав үг хэлсэн юм.
Тэрбээр "Монгол Улс харийн дарангуйлагчид эзлэгдсэн 1920 онд наадмаа тэмдэглээгүй. Эдийн засгийн дорой, буурай хувьсгалын дараах он жилүүд, 1939, 1945 оны дайны хүнд үед болон олон хүний амь эрсэдсэн, байгалийн гамшиг тохиолдсон 1966 оны долдугаар сард Улсын тусгаар тогтнолын баталгаа болох баяр наадмыг таслалгүй зохион байгуулж ирсэн ахмад, буурлуудынхаа ухааныг бишрэхээс аргагүй юм.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаа зохион байгуулаагүй. Учир бодохгүй хэдхэн залуусын эсэргүүцэл, шантаажнаас эмээн Тусгаар тогтнолын илэрхийлэл болсон наадмаа цуцалж, тэдэнд бөхийсөн нь Үндэсний спорт, өв соёлоо тээгчид та бид, бүхэнд хий бодогдуулсан, эвлэлдэн нэгдэхээс өөр аргагүй байдлыг бий болгосон анхааруулгын том дохио байлаа.
Энэ байдал даамжирвал үндэсний спортын нэгдэл болох тусгаар тогтнолын илэрхийлэл наадам, үндэсний уламжлалт цагаан сарыг тэмдэглэх шаардлагагүй хэмээн үзэх хойч үеийг бий болгож, хожмын өдөр засаж болохгүй харууслын эхлэл тавигдах магадлалтай. Иймийн учир Үндэсний спортын хороог шинэчлэн байгуулж, анхдугаар чуулганыг хийж байна" гэжээ.