Эрхүү мужид 10 алба хаагч оролцож байна

ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн эрэн хайх, аврах отрядад зохион байгуулагдаж байгаа “Өвлийн улиралд усны гүнд шумбалт хийх хамтарсан дадлага сургууль”-д ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаар ахлуулсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 10 алба хаагч оролцож байна.

Алба хаагчид аврах отрядын багаж, техник тоног төхөөрөмжтэй танилцаж, өндөр хийн даралтын орчинд биеэ дасгах зориулалт бүхий барокамерт орох, гүний шумбалтын бэлтгэл хийх юм.

Мөн нууранд 10-20 метрийн гүнд нээлттэй амьсгалын аппараттай мөсөн доогуур шумбалт хийх зэргээр дадлага сургуульд хамрагдана.

Энэхүү хоёр орны дадлага сургууль нь “Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах” салбарт хамтран ажиллах тухай Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII дугаар хурлаар батлагдсан 2022-2023 оны төлөвлөгөөний дагуу болж байгаагаараа онцлогтой.