Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Aмьдарч байгаа орчноо дүгнэсэн хүүхдүүдийн үнэлгээ
Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах чиг үүрэг бүхий Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан өчигдөр боллоо.
Хурлаар хоёр төрлийн судалгаа, тайлангийн дүгнэлтийг хэлэлцүүлсэн. Тухайлбал, 2020 оны хүүхдийн байдлыг харуулсан тоон судалгаанд дүн шинжилгээ хийсэн тайланг танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны байдлаар 558 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ үзүүлэлт 2016 оноос 33, 2019 оноос 91 хүүхдээр буурчээ.
Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Онол арга” ТББ хамтран зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй орчин”-г хүүхдүүдээр үнэлүүлсэн дүнг танилцууллаа.
Хүүхдүүд өөрийн амьдарч байгаа орчин тойрноо 59 хувь буюу хүүхдэд ээлтэй байдал дунд гэж үнэлсэн байна. Үнэлгээний үр дүнг үзүүлэлт бүрээр танилцуулж, хүүхдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлсон юм.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан зохион байгуулсан “Нэгдүгээрт шалга” аяны явцын талаар мөн мэдээлэл өглөө. Аяны хүрээнд нийслэлийн төр, захиргааны 112 байгууллага оролцож, эхний байдлаар 51 байгууллага мэдээллээ ирүүлж, таван төрлийн 65 удаагийн зөрчлийг илрүүлэн ажилласан байна.
Хүүхдийн байдал 2020 тайлан, Хүүхдэд ээлтэй орчин хүүхдийн өөрийн үнэлгээ, “Нэгдүгээрт шалга” арга хэмжээнүүдийн үр дүнд үндэслэн хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдалд салбар бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллах талаар Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тогтоол гаран, холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүллээ.
Хуралд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, есөн дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон холбогдох албаныхан, Хүүхдийн элч, Нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөлөл оролцсон юм.