С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Зорилгоо тодорхойлсон "ЗОЗО" тавилгын брэнд
Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ "ЗОЗО" брэндийг үүсгэн байгуулагч М.Баярмагнайг урьсан юм. Нягтлан бодогч мэргэжилтэй бүсгүй өдгөө дизайнерын албатай амжилттай ажиллаж явна. Халамжит хань, хоёр хүүгийнхээ хамт амьдардаг тэрбээр модон эдлэл тэр дундаа тавилгын салбар руу эргэлт буцалтгүй орсон нь хадам аавтай нь холбогдоно. Хэвлийдээ том хүүгээ тээж байхдаа маркетингийн менежерээр дөрвөн жил ажилласан нь амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтын нэг хэмээн боддог байна. Учир нь менежер мэргэжил байгууллагынхаа бүхий л зүйлийг хариуцаж ажиллахаас гадна үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаж, хамтрах тал дээр асар их мэдлэгийг олгодог. 2019 онд хоёр дахь хүүгээ төрүүлж, хүүхдээ харж байхдаа хадам аавынхаа тавилгын үйлдвэрт ойр зуурын зүйлийг нь хийж өгч тусалдаг байжээ. "Би хүүхдээ төрүүлээд хоёр сар болоод ажилдаа ордог. Сайн хань, хадмуудтай учирсан азтай хүн. Хийсвэр хагалгаагаар төрдөг учир оёдол эдгэртэл гэртээ байдаг. Аавын ажилд туслах явцдаа тавилгын зураг гаргахад дурласан. Захиалагчтайгаа ярилцаж хүссэн зургаар нь тавилга хийж өгөх мэдрэмж сайхан санагдсан. Гэр бүлийн үйлдвэр учраас бүх ажилд гар бие оролцоно. Тавилга хийхээс гадна бяцхан үрсэд зориулан "ЗОЗО" хүүхдийн модон таваг, зөөлөн сандлыг хийж байна" гэлээ.
Хань Б.Батзориг нь хээтэй хаалга хийх сургалтад суучихаад "Хайраа чи надаар ямар зураг зуруулж, юу хийлгэмээр байна" гэжээ. Тухайн үед хүүдээ модон таваг авахаар хайж байсан учир машины хэлбэртэй эсвэл бамбаруушны дүрстэйг хийлгэх хүсэлтэйгээ хэлсэн байна. Хэд хоногийн дараа зүрх, машин, бамбаруушны хэлбэртэй гурван таваг хийчихсэн ирэхэд нь хачин их баярлаж гэр бүлийнхэн, найзууддаа хэлснээр анхны захиалгаа авч байсан гэнэ.
Хоёр талаасаа сийлбэрч, мужааны удамтай хосууд ажилдаа сэтгэл зүтгэл гаргаж хандана. Хажуугаас нь аав нь зөвлөнө. Хамтдаа хийц, чанар сайтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхийг зорино. "Зөөлөн сандлыг ч мөн адил хүүхдүүддээ зориулж өнцөг булангүй дотор нь тоглоом хийх зориулалттай. Анх санаагаа гаргаад аавдаа хэлэхэд хийх аргачлалыг зааж өгсөн. Хүмүүсийн хэрэглээ эко болж байгаа. Модон тавгийг сонирхдог хүмүүс маш олон байдаг. Тиймээс тухайн захиалагчид зориулан хүссэн хэлбэр хэмжээгээр нь урлаж өгөх боломжтой. Залуу хүмүүсийн хувьд эх орондоо үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг сайхан. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт тал дээр анхаарал хандуулж, улам бүр сайжруулах тал дээр ач холбогдол өгч ажиллаж байна" гэв.
Тавгийг бид өдөр тутамдаа хэрэглэдэг ч хийхэд хэр их ажиллагаа ордгийг төдийлөн мэддэггүй. 15 удаагийн шат дамжлага дамжиж таваг таны гарт очдог байна. Таваг хийх ажил материал авахаас эхэлж, хар зураг гаргаж, сийлж, цэвэрлэж, зүлгэнэ. Дахин цэвэрлэгээний ажлыг нэгбүрчлэн хийнэ. Шошго хийсний дараа дахиад л зүлгэж, цэвэрлэж, тосолж, хатаана. Түүний дараа сав баглаагаа хийж, шалгах процесс үргэлж, борлуулалтын хэсэг рүү шилждэг аж.
Аавынхаа үйлдвэрт түшиглэж брэнд бүтээж яваа тэдний хувьд багаж, тоног төхөөрөмжийн асуудал тулгарсангүй. Хийж бүтээх хүслийг нь дэмжиж, үргэлж зааж зөвлөдөг аавдаа баярлаж явдгаа тэрбээр хэлж байсан юм. Цаашид үйлдвэрийн өргөжүүлж чанартай тавилга урлахыг зорьж байна.
"ЗОЗО" брэнд одоогийн байдлаар тавагны гэхэд хэлбэр хэмжээнээсээ шалтгаалж, 16 төрлөөр хэрэглэгчид хүргэж байна. Сандал дөрвөн төрлөөр гарч байгаа бол ханын стенк, ор, ариун цэврийн өрөөний тавилгыг үйлдвэрлэдэг. Үнэлгээний хувьд судалгааг үндэслэж, материал ажиллагаатай уялдуулж тогтоосон байна. Ингэхдээ үнийг хөөргөхгүй байхыг илүүд үзжээ. "Өнгөрсөн хоёр жил "Ковид-19" цар тахлын үед үнэхээр хэцүү байлаа. Материал цөөн тоогоор ирнэ, тасарна. Одоо ч хэвэндээ байна. Бид ч энэ байдалдаа дасан зохицоод ажиллаад сурчих шиг боллоо. Нөгөө талаар "Ковид-19" вирус өрсөлдөх чадварыг сайжруулсан гэж харж байгаа" гэсэн юм.
Түүний хэлсэн үг үнэний ортой. Цар тахлын үед ажиллаж байгаа ч үндэсний үйлдвэрлэгчид хэрэндээ хичээж, хийц загвар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоосоо ухарсангүй. Харин ч бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ анхаарал хандуулж байгааг харахад бахархмаар. Үйллдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн хувьд үйлчлүүлэгчдээсээ эрч хүч авдаг. Захиалсан тавилгаа хараад "баярлалаа" гэж чин сэтгэлээсээ хэлэхийг сонсоод урамшина. Таваг ёстой хөөрхөн дахиад энэ загвараас захиалъя гэхээр бүр урам ордог хэмээн инээмсэглэв. Үйлдвэрт хэрэглэгдэх хэдэн төхөөрөмж, найдвартай ажиллах хүний нөөц хэрэгтэй байгаа гэнэ. Одоогоор сийлбэрийн машин, зүлгүүрээс будыг гараар хийж байна. Аавынхаа үйлсийг үргэлжлүүлж хамтдаа хөдөлмөрлөж яваа хос "ЗОЗО" нэрийн дэлгүүртэй болж, ирээдүйд үйлдвэрээ группийн хэмжээнд хүргэх зорилго тавьжээ.
С.Ичинхорлоо
Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/zozotavilga пэйж хуудсаар болон 9908 0282 утсаар захиалаарай.