С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
У.Хүрэлсүх: Давсаа хүртэл айлаас гуйж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг нэмэгдүүлэх. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, эрүүл амьдрах хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал онцгой чухал асуудал болж байна.
Манай хоёр хөрш хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж 2030 хүн хүртэл буурах хандлагатай байна. Манай улстай хүн ам, эдийн засгийн хувьд ойролцоо Казахстан улс цаашид үр тариа, гурилын экспортоо хязгаарласан мэдээ бий. Стратегийн түнш болох Япон, Солонгос улсууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онгой анхаарч эхлээд байна.
Хүсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас авсан. Үүнд гурилан бүтээгдэхүүний 33, сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, ургамлын тос, тахианы мах, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ?
Хүнсний хангамжаас гадна чанар, аюулгүй байдал манай улсын тулгамдсан асуудал болоод байна. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг давхар харуулж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд нөлөөлсөн үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой. Хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдсэнийг давхар харуулж байна. НҮБ-ын судалгаагаар манай улсын хүн амын 20 орчим хувь нь хангалттай хэмжээний шим тэжээлтэй хүнсээр хангагдаж чадахгүй байна" гэлээ.