С.Даваасүрэн: Зориулалт бусаар үйл ажиллагаа явуулсан бол газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн заалттай

Богдхан уулын ам руу алхах замд “Энигма” ХХК-ийн ашиглаж байсан газар дахь шавар гэрүүдийг буулгасан. Тус газрын хогийг ачиж, орчныг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан нь эсэргүүцэлтэй тулгарсан тул холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, тайлбар өгснийг үргэлжлүүлэн хүргэж байна.  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:

-“Энигма” компани тухайн газрыг 2007 онд авч байсан нь Монголын үндэсний их сургуулийн мэдэлд шилжээд, одоогоор хүчингүй болсон байгаа. 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус байгууллагыг шалгахад уг компани “Сургуулийн зориулалттай үйл ажиллагаа явуулах газрыг төлбөрөөс чөлөөлнө” гэсэн заалтыг ашиглан газрын төлбөрөөс чөлөөлүүлсэн байсан. Гэтэл Дархан цаазат газар нутагт сургуулийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Харин аялал жуулчлалын зориулалттай үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Тус компанийн зүгээс аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэж байсан барилга байгууламжийг буулгалаа гэж байгаа ч сургуулийн үйл ажиллагаа явуулах газар гээд төлбөр төлдөггүй. Иймд газрын зөвшөөрлийг нь цуцалж, тус газар нь Богдхан уулын харьяа учраас тэнд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн шийдвэр гарч, барилга байгууламжийг нь буулгасан.

-Барилга байгууламжийг нь буулгах гэж байгаа тухай мэдэгдэл өгөөгүй хэрэг үү?

-Зөвшөөрөл нь хүчингүй болсон учраас үйл ажиллагаа явуулж болохгүй тул барилга байгууламжаа буулгах мэдэгдлийг Газрын албанаас жилийн өмнө хүргүүлсэн. Гэвч шаардлагыг биелүүлээгүй учраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгах арга хэмжээ авсан.

-“Энигма” анхнаасаа төлбөрөө төлсөн бол тэр байгууламжийг нураах үндэслэлгүй гэсэн үг үү?

-Газрын тухай хуульд газрын төлбөрөө төлөөгүй бол, мөн тухайн газарт зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан бол газрын зөвшөөрлийг цуцална гэсэн хоёр заалт байдаг.