Жолооны хүрд шилжүүлэх нь видео тоглоомын гар солихтой адил биш!

2016 оны гуравдугаар сарын 10-ны өдөр. 21.45 цагийн орчимд Баянгол дүүрэг, Төмөр замын KFC хоолны газрын урд нэгэн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ноцтой гэдэг нь ослын улмаас явган хүний гарцаар гарч явсан эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон юм. Хэрэгт холбогдогч Сүрэн, Сэргэлэн /нэрийг нь өөрчлөв/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харилцан тохиролцож, жолооны хүрд нэгэндээ шилжүүлснээр хөдөлгөөнд оролцож, эцэстээ хүний амь насанд хүрсэн нь энэ.

Одоогоос зургаан жилийн өмнө гэхээр бага зэрэг хол сонсогдож болох. Гэхдээ эл хэрэг нийслэл болон хөдөө орон нутаг, Монгол Улсын хэмжээнд гардаг зам, тээврийн ослын ганцхан жишээ. Шүүхээр гэм буруутайг нь тогтоож, зохих ял шийтгэлийг нь ногдуулсан бодит кэйс. Үүнд жил, сар, хоног, цаг, минут, секунд хэмээх цаг хугацааны хэмжүүр үгүй. Гагцхүү согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, эсвэл жолооны хүрдээ бусдад шилжүүлснээс үүдэлтэй гардаг осол, аваарын үндсэн эрсдэл. Ганцхан тоо баримт дурдахад 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар зам, тээврийн хэрэг, зөрчлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс даруй 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. Эрдэнэт хүний амь нас хохироосон хэргийг зөвхөн 2021 оныхоор авч үзвэл 383-д хүрчээ.

2018-2021 оны нөхцөл байдалд харьцуулан дүн шинжилгээ хийхэд ирэх есдүгээр сар хүртэлх хугацаанд 250-350 орчим хүний амь нас хохирч, 700-1500 иргэн гэмтэж болзошгүйг урьдчилан тогтоосныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Ойролцоогоор 90 орчим хоног гэж тооцвол өдөр 3-4 хүний амь нас хохирч мэдэх үндэслэл. Бидэнд байгаа хамгийн бодит аюул нь энэ.

Уг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм гэж бий. Дүрмийн 3.7-гийн А-д "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", Б-д "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;"-ийг хориглох заалттай. Цагаан дээр хараар бичсэн энэ дүрэм одоо ч Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн бүрийн мэдэх ёстой, мөрдвөл зохих учиртай энэхүү дүрмийг зөрчсөнөөс өдөр бүр, цаг тутамд ямар нэгэн байдлаар зам, тээврийн осол гарч, эцэстээ эрдэнэт хүний амийг үнэгүйдүүлэх болсныг энд тодотгох гээд байгаа хэрэг. Хэрвээ иргэн Сүрэн, Сэргэлэн нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зохих дүрмээ биелүүлсэн бол гарцаар гарч явсан эмэгтэй өнөөдөр эсэн мэнд, эрүүл саруул явах байлаа. Хүүхдүүд нь ээжтэйгээ, хань ижил нь эхнэртэйгээ, хамт олон нь ажилтантайгаа хамт байх байв. Гэвч... Тэр нэгэн өдрийн тоймжиргүй үйлдлээс хүний амь эрсдэж, нэгэн айлын орон зай эзгүйрч, орвонгоороо эргэжээ. Хэргийн эзэн холбогдогч хоёр ч эрхээ хязгаарлуулж, эрдэнэт хүний аминд хүрсэндээ халаглаж суухгүй байжээ.

Гол нь бидний дунд байх ёстой юм шиг байсаар байгаа энэхүү хандлага, тоймжиргүй үйлдэлд өнөөдрөөс ҮГҮЙ гэж хэлэх зорилгоор Тээврийн цагдаагийн газраас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" гурван сарын хугацаатай зорилтот аяныг өрнүүлж эхлээд байна. Үүнд иргэн, жолооч Таны оруулах хамгийн том хувь нэмэр нь үүргээ ухамсарлаж, хариуцлагаа нэмэгдүүлэх явдал. Ерөөсөө л жолооны хүрдийг бусдад шилжүүлэх нь видео тоглоомын гарыг солихоос тэс ондоо, тэр бүгдэд хүний амь нас хэмжигдэж явдгийг сануулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тухай яриад байгаа юм. Хормын дотор гаргасан зөв шийдвэр болгоны ард хэдэн зуун хүний амьд явах баталгааг хангана гэдгийг дор бүрнээ ухамсарлацгаая!!! Ухамсарлаад зогсохгүй амьдралын хэвшил, өдөр тутамдаа дадал болгож, бусдадаа сануулж, бас шаардлага тавих нь жолооч Таны өөртөө оруулж буй хамгийн том ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ч байж мэднэ.

Г.Эрхэс