3045 гарааш чөлөөлөөд байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 83.3 хувьтай биелжээ. Тухайлбал, Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ. Мөн Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэх хүрээнд шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулах зураг төслийн ажлуудыг хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ахлах болон диспетчер инженерүүд, гэрэлтүүлгийн хяналтын төрийн бус байгууллагууд зургаан дүүргийн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажиллахад нийт 203 гэрэлтүүлэг асахгүй байгааг илрүүлж, гэрэлтүүлгийн асалтыг 96 хувьтай болгожээ.

Гарааш чөлөөлөх ажлуудыг эрчимжүүлж, тохижилтын ажил хийх хүрээнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш буюу 14 хоногийн хугацаанд есөн байршилд 263 гарааш нэмж чөлөөлөв. Ингэснээр нийт 117 байршилд 3045 гарааш чөлөөлж, энэ ажил 62.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Хот тохижилтын газар гарааш чөлөөлсөн дөрвөн байршилд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Дугуй цагааны тохижилтын ажил эхэлсэн бөгөөд Хотын дарга иргэдийн санал хүсэлтийг харгалзан, жишээ нь замыг хүүхдийн тэрэг явахад тохиромжтой байдлаар тохижуулах хэрэгтэйг хэлж байлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа “40 мянган тонн түлш нөөцлөх ажил хийж байна. Гурван шугам ажиллаж, бусад нь засвартай байгаа. 500 хүнтэйгээр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.