Япон улсад ажилтан илгээх санамж бичиг байгуулав

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс Япон Улсын Ибараки аймгийн захиргааны Гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын төвийн дарга Ю.Янагибаши, ерөнхий зохицуулагч Т.Ёшизава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улс Япон Улсад тусгай ур чадвартай ажилтан илгээж эхлээд гурван жил болж байна. Энэ хугацаанд асрахуй, нисэх онгоцны засвар үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилгын салбарт тусгай ур чадвартай 80 гаруй ажилтан илгээжээ. 

Уулзалтаар Япон Улсын Ибараки аймгийн захиргааны гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын талаар хатагтай Ю.Янагибаши танилцуулж, талууд Монгол Улсаас зорих ур чадвартай ажилтанд илүү таатай нөхцөл бүрдүүлэх боломж, ур чадварын шалгалт авах салбарын тоог нэмэгдүүлэх, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Энэ үеэр ур чадвартай ажилтан илгээх болон хүлээн авахад хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын төвийн дарга Ю.Янагибаши нар гарын үсэг зурлаа.