Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Xортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ой модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байна. Тиймээс иргэдийг хортон шавж устгалын бодис цацаад удаагүй ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж буй. Байгаль хамгаалагчид Бэлх зуслан, Цуурайтын ам орчимд хортон шавжтай тэмцэх ажлыг өрнүүлж байна.
Энэ жил 1602 га талбайд буюу Баянзүрх дүүргийн ногоон бүсийн Улиастай, Дээндий, Хуандай зэрэг амд мэргэжлийн байгууллагууд хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажил өрнүүлээд дууссан. Нэмэлтээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд байгаль хамгаалагчдын нөөц бололцоонд тулгуурлан Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хортон шавж устгалын бодис цацах ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг “Хортон шавжтай тэмцэх ажил тавдугаар сарын сүүлийн 10 хоногоос эхэлсэн. Жил бүр судалгаанд үндэслэн, байршлуудыг тогтоож тэмцлийн ажлыг хийдэг. Хортон шавжийн идэвхжилтийн үед утаат багажаар нэг удаа бодис цацахад тархаад буй якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч зэрэг хортон шавжийн төрлүүд бүрэн устаж үгүй болдог юм.
Энэ жилээс хортон шавжид нэрвэгдсэн ойд устгалын ажлыг хийсэн тохиолдолд бүрэн сэргэх боломжтой. Харин 3-4 жилийн давтамжтай ойн хөнөөлт шавж голомтолсон талбайн мод бол өсөлт хөгжилт нь зогсох, цаашлаад дахин ургах чадвараа алддаг. Манай ойн санд 80.000 га талбай бий. Үүнээс 16-18 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан учир яаралтай арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас авч байна” хэмээлээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Тодруулбал, долдугаар сарын 4-8-нд утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хор цацаж буй юм.
Хортон шавж устгалын бодисын сөрөг нөлөө харьцангуй бага ч биологийн хор учир бусад амьтанд ч мөн тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Иймд тухайн хорыг цацах явцад салхины чигт аль болох байхгүй байх, 7-14 хоногийн хугацаанд зусландаа гарахгүй байхыг Нийслэлийн ногоон бүсийн Бэлх зусланг хариуцан ажиллаж буй байгаль хамгаалагч Ц.Батзаяа анхааруулж байлаа.