Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын тогтоолыг баталжээ
Дулааны улирлын цаг агаарын төлөв байдлаас харахад зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орж болзошгүй байна. Мөн малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг эртнээс хангах талаар ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ бүхнийг харгалзан үзэж Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн аюулгүйн нөөцөд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээ зэргийг батлав.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав
Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл ажилд шаардагдах сэлбэг, материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах талаар БНХАУ-ын талтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулж, үр дүнг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад даалгав. Вальютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж ОХУ-аас импортоор худалдан авч байгаа эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх, эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, 2022-2023 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж, саналаа 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар дунджаар 51.6 хувьтай үргэлжилж байна.
53 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-нд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулж “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргаж, санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг 14 хоногийн дараа дахин шалгахаар болов. Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 53,061.0 тонн түлш нөөцлөөд байгаа аж.