Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Л.Халтар сайдын сануулга
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал боллоо. Хурлын эхэнд тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлтийг товч танилцуулав. Сайд Л.Халтарын зүгээс удаашралтай байгаа биелэлтэд анхаарал хандуулан, шаардлагатай арга хэмжээ авахыг санууллаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар харьяа газар, хэлтсүүдэд дараах үүргийг өглөө.
-Долдугаар сарын 26-н гэхэд бүх газрууд ирэх оны төсвийн төслөө яаманд ирүүлэх, Засгийн газар, УИХ-ын тогтоол, Сайдын тушаал шийдвэрийн биелэлт, гүйцэтгэлийг харьяа бүх газарт албан бичгээр хүргүүлж, анхааруулах
-Шинээр баригдах нисэх буудлуудын төлөвлөлт, гүйцэтгэлд онцгойлон анхаарах, Өлгий нисэх онгоцны буудлыг 4С болгох талаар Засгийн газрын хуралд танилцуулахыг ИНБХЗГ, Иргэний нисэхийн ерөнхий газарт
-Чингэлгийн бөөгнөрөл үүсгэхгүй байхын тулд тээвэр зуучийн компаниудад анхааруулах, үер усны эрсдэлтэй цэгүүдэд үзлэг хийж, яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд бүх шатандаа анхаарч ажиллахыг УБТЗ ХНН-д
-Зам засварт ашиглаж буй хоёр машиныг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулах, хяналтын инженерүүдийг тогтмол ажиллуулахыг АЗБХЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтэс болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т,
-Шатахууны нийлүүлэлттэй холбоотой холбогдох газруудтай хамтарсан уулзалт зохион байгуулахыг МИАТ ТӨХК,
-Томоохон нуур, голд иргэдэд зориулсан тусгай бүс гаргах, зөвлөмж өгөн, хяналт тавихыг Далайн захиргаанд,
-Тээврийн ерөнхий хуулийг УИХ-д өргөн барих бэлтгэл хангахыг Хуулийн хэлтэст,
-Автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Хот хоорондын автобус эрхлэгчдийн холбоотой хамтарсан уулзалт хийх, Автотээврийн тухай хуулийг Засгийн газарт танилцуулах бэлтгэл хангахыг АТБХЗГ-т,
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг тогтмол өгөх, шийдвэр, албан даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хугацаатай үүрэг өгөх ХШҮДАГ-т,
-Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газраас өгөгдсөн үүргийн талаар холбогдох газруудтай уулзалт зохион байгуулахыг ИНБХЗГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-д үүрэг болголоо.