Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал боллоо
Уг олон улсын хуралд 14 орны 60 гаруй эрдэмтэн, судлаачид нэр томьёо оноон боловсруулах олон улсын болон дотоодын туршлага, хэлний технологи, стандартчиллын талаар илтгэл хэлэлцүүлж, цаашид салбар бүрийн нэр томьёог хөгжүүлэхэд дотоод болон гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, олон улсын нэр томьёоны мэдээллийн Инфотерм төв, Европын холбооны нэр томьёоны нэгдсэн зохицуулах хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын нэр томьёоны цахим нээлттэй хуудсанд Монгол улсын салбар бүрийн нэр томьёогоо байршуулахад хамтран ажиллахаар болов.
Хуралд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, доктор Т.Пүрэвсүрэн “Монгол нэр томьёоны цахим толь бичиг”, Соёлын яамны дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, доктор Б.Баатархүү, СУИС-ын багш Д.Одсүрэн “Соёлын өв хэмээх ойлголтод хамаарах зарим нэр томьёоны тухай”, Монгол улсын консерваторийн багш Ш.Батбаяр “Хөгжмийн нэр томьёог хэрхэн хэрэглэх тухай” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж соёлын салбарын нэр томьёоны өнөөгийн байдал, цаашид тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэлээ.
Тус хурлаас цаашид дэвшилтэт технологи ашиглан соёлын салбарын нэр томьёог боловсруулан хөгжүүлэхэд үнэ цэнтэй олон санал, дүгнэлт гарлаа. Монгол өв, соёл түүхээ дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахын тулд монголчуудын нүүдэлчин ахуй, уламжлалт зан заншлыг илтгэсэн нэр томьёо, үг хэллэгийг оновчтой орчуулж, оноон хэвшүүлэх асуудал чухал юм.