Н.Мөнхзул: Нүүдэлчдийн соёл дэлхий рүү тэмүүлж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга  Н.Мөнхзулыг урьж, ярилцлаа.

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАСАН

-Би 1983 онд, долоон настай байхдаа Хөгжим, бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурийн ангид элсэн орж байв.  Тэр цаг үеэс урлаг, соёлын салбарын сайн сайхныг мэдэрч, хийж бүтээхийн хүслээр хөглөгдөж иржээ. Дунд сургуулиа төгсөөд, 1993 оноос СУИС-д гоцлол төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж төгссөн.   Улмаар “Yamaha” хөгжмийн сургууль,  СУИС-даа хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2003 оноос БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газарт мэргэжилтнээр томилогдож, төрийн албанд орж байлаа.  2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартаа хэлстийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард тус газрынхаа даргаар томилогдон ажиллаж байна. Төрийн албаны мерит зарчмаар ажиллаж явсаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргаар томилогдсон.  Манай соёл урлагийн  салбарынхан 24 жилийн дараа бие даасан яамтай боллоо. Энэ багийн нэг хэсгийг бүрдүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна.  Би уран бүтээлчийнхээ хувьд ч муугүй төгөлдөр хуурч байсан. Найз нөхөд, багш нар маань гэрчилнэ. Гэхдээ оюутан байхаасаа л соёл урлагийн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны байгууллага, удирдах түвшинд ажиллах сонирхолтой байсан. Энэ сонирхолдоо хөглөгдөн урлаг соёлын салбартаа  мэргэжилтнээс эхлээд газрын дарга болтлоо ажиллажээ. Өнгөрсөн он жилээ эргээд харахад би урлаг, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлэхэд нэлээд сэтгэл гарган ажилласан.  Энэ салбартаа мэргэшсэн гэж өөрийгөө жаахан ч гэсэн тоож сууна. Манай агентлаг цөөхөн орон тоотой, бүрэлдэхүүн багатай. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа аваад эхний ээлжинд соёлын салбарын бодлого, шинэчлэлийг амьдрал дээр хэрэгжүүлж ажиллах нь чухал гэсэн зорилттой ажилласан.  Мөн агентлагийнхаа үйл ажиллагааг бэхжүүлж байна. Дээрээс нь манай агентлаг стратеги төлөвлөгөөгүй байсан бол стратеги төлөвлөгөөгөө боловсруулж гаргаж байна. Үүнээс гадна Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Музейн тухай хууль,  Киноны тухай хууль зэрэг шинээр шинэчлэн найруулж баталсан хуулиудыг улсын хэмжээнд хэрэгжүүлж ажиллана.

МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН САЛБАРАА ҮНЭЛЭХ ЦАГ БОЛСОН

-Манай салбарт гэрэл гэгээтэй зүйл олон байна.  Гэхдээ соёл урлагийн салбарт ажилласан он жилүүдэд би нэг зүйлд ихэд эмзэглэж ирсэн. Манай соёл урлагийн салбарын албан хаагчдын цалин хөлс, нийгэмд үнэлэгдэж байгаа үнэлэмж муу байна. Ялангуяа  сонгодог урлагийнхан маань олон жилийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөөр УДБЭТ гэх том айлд хөгжимчин, бүжигчин, найруулагч болж ирдэг.  Тэдний авьяас хөдөлмөрийг юугаар ч орлож болдоггүй, тийм ховор зүйл. Цаашлаад соёлын салбар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой салбар. Тэгвэл Дуурийн театрт ирсэн тэр уран бүтээлч маань Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгаад хөгжмийг нь тоглоод сууж байна шүү дээ. Энэ бол онцгой салбар юм. Гэтэл энэ уран бүтээлчдийн асуудлыг нийтлэгээр төрийн үйлчилгээнд авч үзээд цалин хөлсийг нь маш доогуур тавьж байгаа нь буруу. Уран бүтээлчид маань ч энэ асуудалд эмзэглэлтэй явдаг.  Нэг л өдөр итгэл нь мохож,  урам зориггүй болох вий гэж айх юм. Мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа нөхөгдөшгүй энэ нөөцийг өргөн хэмжээнд авч үзэх цаг нь болсон гэж боддог.  Одоо цаг үе арай өөр болж байна. Соёлын яамтай болж, энэ салбарт зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч бусад салбартай харьцуулахад бага хэвээр. Зарим хүмүүс “Соёлын ямар нэг арга хэмжээ зохион байгуулж байснаас эмнэлэг барь, сургууль барь” гэх юм. Соёл бол нийгэмдээ үр шимийг үзүүлж үйлчилдэг салбар. Соён гэгээрүүлнэ, ард иргэддээ өв соёлыг таниулна, хадгалж хамгаалж өвлүүлэх ач холбогдлыг мэдрүүлж, ард түмнийг холын  замд хөтөлнө. Тэгэхээр соёл түгээхээс төсөв мөнгөө харамлаж болохгүй  юм. Цаашид соёлын салбарын мэргэжлийн хүмүүсийнхээ цалинг нэмэх асуудалд санаа тавьж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих, эвент арга хэмжээнүүд зохион байгуулж дэмжиж ажиллана.

МОНГОЛ УЛС ХӨГЖЛИЙН БОДЛОГООРОО СОЁЛЫГ ТЭРГҮҮЛЭХ САЛБАРААР АВЧ ҮЗСЭН

-Би Австрали улсад соёл, урлагийн менежментийн чиглэлээр  магистрын зэрэг хамгаалсан. Ер нь менежментээр суралцах нь олон давуу талтай байсан. Урлаг соёлын түүхээс эхлээд маркетинг, сурталчилгаа  гээд өргөн хүрээний ойлголт байдаг.  Мөн улс орнуудын соёлын бодлогыг судална. Миний нэг давхар хашдаг албан тушаал бий. Энэ нь ЮНЕСКО-гийн 2005 оны Соёлын илэрхийллийн олон талт байдлыг хөхиүлэн дэмжих конвенцын үндэсний зохицуулагчаар ажиллаж байна. Энэ конвенцынхоо хүрээнд олон ажлыг зохион байгуулж байсан. Одоо манай салбарынхан маш гэрэл гэгээтэй, өөрсдийн гэсэн амбицтай ажиллаж байгаа. Тийм цаг үе ч иржээ.  Соёл бол тогтвортой хөгжлийн гол түлхүүр гэдгийг дэлхийн нийт хүлээн зөвшөөрчихлөө.  Дэлхий нийт  соёлыг зөвхөн тайзны уран бүтээл гэж ойлгож хүлээж авдаг байсан бол  одоо тэр сэтгэлгээ өөрчлөгдсөн. Илүү өргөн хүрээг хамарсан эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх том механизм гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрчихлөө. Монгол Улс маань ч энэ бодлогыг хэрэгжүүлж, “Алсын хараа-2050” болон Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдэд соёл урлагийг хөгжлийн гол хэрэгсэл гэдэг заалтууд орчихсон байна.  Монгол Улс хөгжлийн том бодлогоороо соёлыг тэргүүлэх салбараар авч үзсэн. Тухайлбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заагаад байна.

УЛС ОРНУУДЫН ДУНД СОЁЛЫН ӨВИЙН БУЛААЦАЛДААН БАЙСААР БАЙНА

Блиц:

Намчингийн Мөнхзул

Боловсрол

1983-1993 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгөлдөр хуурч, багш, 1993-1999 онд  СУИС-ийн гоцлол хөгжимчин, багш,  2005-2006 онд  Засгийн Газрын хэрэгжүүлэгч Агентлаг, Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын менежер, 2014-2016 онд Австрали Улсын Мельбурны их сургуулийн Соёл, урлагийн менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 

Ажилласан байдал

1997-1999 онд  "Ямаха" их сургуульд багш

1999-2000 онд СУИС-ийн багш

2003-2012 онд  БСШУЯ-ны Соёлын, урлагийн бодлогын газарт мэргэжилтэн

2012-2013 онд Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газар мэргэжилтэн

2014-2016 онд Австрали Улсын Викториа мужийн төв номын санд номын фондны туслах ажилтан

2016-2017 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газарт Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга

2017-2020 онд Соёл, урлагийн газарт Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга

2020-2021 онд Соёлын Яаманд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга

2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс  тус газрын даргаар ажиллаж байна.

- Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга билээ. Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний соёл иргэншлийн аюулгүй байдалд  шууд нөлөөлж байдаг чухал хүчин зүйл юм. Иймд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.  “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг” ойлгоно хэмээн “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д тодорхойлсон байдаг. Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ. Улс орон  бүхэн соёлын биет бус өвд тулгуурлан баяр наадам зохион байгуулж эхэллээ. Улс орнуудын дунд соёлын өвийн булаацалдаан байсаар ирсэн. Тэгвэл одоо баяр наадам зохион байгуулж, энэ бол манай улс үндэсний өв шүү гэдгийг  тамгалж байна. Бид ч соёлын өвөө хамгаалж энэ манай ондоошол, ялгарал шүү хэмээн тамгалах нь чухал байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Соёлын биет бус өвийн наадмыг гурван жилд нэг удаа зохион байгуулахаар заасан.  Энэхүү наадам анх 2018 онд зохион байгуулагдаж байсан бол удахгүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Соёл урлагийн газраас зохион байгуулах гэж байна. Энэ бол нүүдэлчин Монголын дэлхий рүү тэмүүлсэн наадам байх юм. Одоо цагт хүмүүс наадам гэдэг үгэнд сөрөг хандлагатай болжээ. Ингэж болохгүй. Нүүдэлчин ард түмэн маань цуглаж наадмаа хийдэг байсан өв уламжлалтай үндэстэн. Нүүдэлчдийн өв соёлоороо бид бусад орнуудаас ялгаатай гэдгээрээ бахархаж, баярхах хэрэгтэй. Хоёр дахь удаагаа болж байгаа нүүдэлчдийн наадамдаа бид өвөрмөц нэр өгсөн.  Удахгүй зарлана.  Бид наадмаараа нүүдэлчин ард түмэн дэлхий тэмүүлж байгааг харуулна. Мөн Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв гэдэг концепцыг гаргаж, олон улсад таниулна. 

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨНДӨР ХЭМЖЭЭНД ӨВЛӨН УЛАМЖИЛСАН 102 ХҮН БИЙ

-Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч гэдэг нь  өв уламжлалыг маань тээж яваа үнэт хүмүүс юм. Үе үедээ тасралтгүй уламжлаад ирсэн гэсэн үг. Бид өвлөн уламжлагч нараа онцгойлон үзэх ёстой. Бид ховор нандин музейн үзмэрээ шилэн хоргонд хийгээд нандигнан хадгалдаг шүү дээ. Түүнтэй адилхан хандах ёстой. Одоогоор Соёлын өвийн нэгдсэн бүртгэлийн мэдээллийн санд 11 мянга гаруй өвлөн уламжлагч бүртгэгдсэн байдаг. Үүнээс 102 хүнийг соёлын биет бусийг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан байна гээд Засгийн газрын тогтоолоор баталчихсан байдаг. Тэгэхээр энэ хүмүүст өвлөгдөж ирсэн уламжлалыг бид найр наадам хийж,  сурталчилж, түгээн дэлгэрүүлэх нь маш чухал бодлого юм. Удахгүй Горхи тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар болох нүүдэлчдийн наадмын онцлог нь 21 аймаг нийслэлийн өвлөн уламжлагчид маань отог хэлбэрээр өөрийнхөө өвийг тээн ирж отоглон бууна. Тэгэхээр тухайн орон нутгийн хамгийн шилдэг өв уламжлагчийг бид тэндээс харах боломжтой. Энэ арга хэмжээ сонирхолтой болно. Отгууд маань юу үзүүлэх вэ гэвэл түрүүний хэлсэн ЮНЕСКО-гийн хүрээнд авч үзсэн долоон ай савын 362 өвийн хүрээнд үзүүлэх тоглолтоо хийнэ. ЮНЕСКО- гоос барьдаг зарчим бол соёлын биет бус өв бол хүнээ дагаж явдаг.  Нөгөө талаар бүрдсэн орчин нөхцөл, гэр ахуйдаа буудаг. Ийм учраас бид гэртээ нь орчинтой нь авчирч буулгаад өв соёлоо сурталчилан таниулах юм.  Гар урлал, язгуур байдлаар урласан эд зүйлс, тэрнийхээ арга ухааныг заах өргөөтэй. Нөгөө өргөөндөө идээ ундаагаа боловсруулна. Бор идээ, цагаан идээ, хөх идээ гэж ангилаад авч үздэг уламжлалтай ард түмэн шүү дээ.  Яг энэ төрөл зүйлийнх нь хувьд авч үзээд идээ ундааны өргөөгөө гаргаж байгаа. Тэгээд тэндээ хэрхэн яаж идээ ундаагаа бэлддэг аргачлал, өвөө сурталчлах ажлуудаа бас нэг өргөөнд хийнэ.  Ер нь өв уламжлалыг бүх талаар харуулах сайхан наадам болно.  Соёлын салбарт төсөв бага байна гэж дээр хэлсэн.  Уг нь бид наадам гэлтгүй өвлөн уламжлагчиддаа зориулсан арга хэмжээ хийх, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтыг өргөнөөр зохион байгуулах, боловсролын байгууллагуудаар дамжуулан хүүхдүүдэд таниулах ажлыг хийх нь манай салбарт чухал байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 145 (6877)