Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
“Нүүдэлчин Монгол-2022” наадмыг горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулна
Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд зохион байгуулж байхаар хуульчлагдсан “Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн их наадам энэ оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулагдах юм.
Соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн их наадмыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Соёлын биет бус өвийн их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг өргөн арга хэмжээ болох юм.
“Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн их наадмыг талбайг отоглох хэлбэрээр байгуулан, байгаль орчинд ээлтэй байдлаар морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлнэ. Энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал (zero waste) буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг (carbon limited) бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаагаараа онцлог юм.
Соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулснаар уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох боломж бүрдэнэ.
Мөн их наадмын үйл ажиллагаанд соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон бус байгууллагын төлөөлөл, мэргэшсэн эрдэмтэн судлаачид ажиллаж, судалгаа, баримтжуулалт, дүн шинжилгээ, нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тандаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах бөгөөд Соёлын биет бус өвийг хамгаалах хуулийн төслийн холбогдох суурь мэдээ, мэдээллийг цуглуулах юм.
Мөн, тус наадмыг 2023 онд олон улсын хэмжээнд өргөжүүлэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын их наадам болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.