Үндэсний их баяр наадам анх удаагаа дроны үзүүлбэрээр хөшгөө хаалаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалт ёслол төгөлдөр боллоо. 

Наадмын нээлтийн үйл ажиллагаа “Би хэн юм бэ?” гэсэн асуултаар эхэлж, эцэст нь “Би бол Монгол хүн. Бид нэг гэр бүл. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн" гэдгийг харуулахыг зорьсноо найруулагч тайлбарласан.  Наадмыг хааж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголчууд бид төрт ёсныхоо баяр цэнгэл их наадмыг түүхт ойнуудтайгаа хамтатган сүр жавхлантай, ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэлээ. Монгол Улсын иргэд бид тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нэгэн зууныг хамтдаа үдэж, шинэ зууныг хамтдаа тосож авлаа. Зуун зууныг өртөөлсөн буурал түүхтэй, дэлхийд ганцхан “Монгол наадам” тусгаар улсынхаа сүр хүч, эв нэгдлийг илтгэн харуулж, үүх түүх, үнэт зүйлээ бэхжүүлэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээж, үеийн үед монгол хүн, монгол түмний цог хийморийг бадрааж байх учиртай юм. Монголчууд бид Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшиж, Монголоороо амьдрах ёстой" гэдгийг онцолсон. Улмаар Үндэсний их баяр наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр ёслолын буудлага, дроны үзүүлбэрийг наадамчин олонд толилуулсан юм.