Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Хөрсөнд задарч шингэдэг эко хувин ашиглан мод тарьжээ
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний “Ци Шинь” сан хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд мод усалгааны 280 ширхэг эко хувин хандивлалаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин зохион байгуулсан уг хандивын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон холбогдох албаныхан оролцож, шинэхэн хувинг ашиглан мод тарьсан юм. Мөн арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсад анх удаа нэвтэрч буй уг эко хувинг ашиглан хэрхэн мод суулгах талаар заавар, мэдээлэл өгөв.
Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бид олон талаар өргөжүүлэн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Нийслэлийн хувьд 150 сая мод тарьж, ургуулах үүрэг хүлээсэн. Мөн нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангахад онцгой анхаарч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж, өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулан эко хувин хандивлаж байгаад Хотын дарга болон нийслэлийн бусад удирдлагуудын өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” хэмээн хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийллээ.
“Ци Шинь” сангийн хөгжүүлсэн уг хувинг дахин боловсруулсан цаасны целлюлоз ашиглан үйлдвэрлэдэг тул байгаль орчинд ээлтэй, 3-4 жилийн дараа задарч, хөрсөнд шингэдэг гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн модны суулгацыг 14 хоногоос нэг сар хүртэл чийгээр бүрэн хангаж, зөөвөрлөн авчирсан болон борооны усыг нөөцлөх боломжтой нь хуурай хөрстэй бүс нутгийн модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх чухал давуу тал болох юм. Тайваньд эко хувин ашиглалгүй суулгасан моддын 10 хувь нь л ургаж байсан бол уг хувинг ашигласнаар 70-95 хувь нь амжилттай ургажээ. Иймд уг эко хувинг Монгол Улсад ашиглах нь нэн тохиромжтой юм.