Нийтийн эдэлбэрт 16 байршлын 3.77 га газрыг бүртгэлээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит бус IX хуралдаан боллоо. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох тухай асуудлыг танилцуулав.

2009 оноос нийтийн эдэлбэрт газар бүртгэн, баталгаажуулж эхэлсэн бөгөөд 2009 онд 54 байршил, 2010 онд 32 байршлыг бүртгэж байжээ. Харин 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 219 байршлын 285.23 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байна. Тэгвэл нэмж 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгүүлэхээр НИТХ-д өргөн барьж, батлууллаа.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га
  • Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га
  • Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га
  • Сүхбаатар дүүрэгт гурван байршил бүхий 2.07 га
  • Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га

Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га буюу нийт 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв. Эдгээрээс хоёр байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн юм.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс нийтийн эдэлбэрт бүртгэсэн талбайг бүртгэлжүүлэн хамгаалах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тус байршлуудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж бариулахгүй байх саналыг хэлж байлаа.

Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр барилгажилт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. Энэ хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг ийнхүү нийтийн эдэлбэрт бүртгэж байгаа юм.