Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Шатрын улсын аваргын шигшээ тоглолт маргааш эхэлнэ
Үндсэн хуулийн өдрийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт маргааш Төрийн ордонд эхэлнэ.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөхөөр тунаад байна.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн нь Анхан шатны (сум, дүүрэг), Хагас шигшээ (аймаг, нийслэл), Шигшээ тэмцээн гэсэн гурван үе шаттай зохион байгуулж байна.
Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000, эмэгтэй шатарчдын хувьд 1800-аас илүүгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох эрхтэй аж.
Хоёр өдөр үргэлжлэх Шигшээ тэмцээнд оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглох бөгөөд эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм.