Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга авто зам, дугуйн зам, явган хүний зам, гүүрэн байгууламжийн ажлын явцын талаар тодруулав.

Явган хүний замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавина

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн. Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай яваа. Зургаадугаар сар гэхэд дан нурууг угсарна гэж тооцоолж байгаа. Зайсангийн хос гүүрний ажил 33 хувьтай байна. Дулааны шугам солих учраас дулаан хаах хүртэл бэлтгэл ажлыг хангана. Шар хаднаас Улиастайн эцэс хүртэлх замын ажил үргэлжилж байгаа. Улиастай талаасаа 800 метр замын ажлыг хийсэн.

2022-2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 арга хэмжээ бий. Энэ хүрээнд Шувуун фабрик Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх төмөр бетон гүүр, Санзайн авто замын засвар, шинэчлэл, Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км зам зэрэг ажлууд дууссан” гэлээ. Тодруулбал, 24 ажил дууссан бөгөөд 12 ажил хэрэгжих шатандаа явж байгаа юм. Өнгөрсөн жил 22 байршилд явган зам тавьсан бол энэ жил Бага тойруугийн үлдсэн байршилд явган зам тавина гэдгийг хэлж байлаа.

Хотын дарга дугуйн замууд хоорондоо холбогдохгүй байгааг онцолж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаатай уялдуулахыг үүрэг болгов. Мөн явган замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавих ёстойг санууллаа. Түүнчлэн ажлаа шуурхайлж, хотын ажлыг аваад ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстой гэдгийг онцлов.

Тохижилт, ногоон байгууламжийн ажлын явцын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ “Нийслэлд 2022-2023 онд 207 гэрээт ажлыг хэрэгжүүллээ. Үүнээс 94 ажлыг 2022 онд ашиглалтад оруулсан. Он дамжин хэрэгжиж байгаа 113 ажил байна. 2023 онд тохижилтын 46 ажил хэрэгжихээс найман ажилд гэрээ байгуулсан. 38 ажил гэрээ байгуулахаар хүлээгдэж байна” хэмээв.

Мөн 2022 онд ашиглалтад орсон томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг танилцууллаа. Тухайлбал, “Асем вилла” хотхоны хойд талын Туул голын эрэг дагуух тохижилтын ажил дууссан. Тохижилтын ажил нийт 35 мянган ам метр талбайг хамрах бөгөөд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч, нийтийн бие засах газар, харуулын байр, гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, сандал, хогны сав, эко налуулга, шорлогийн талбай зэрэг ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэжээ.

Богд хааны ордон музейн тохижилтын ажил 2465 ам метр талбайг эзэлнэ. Авто машины зогсоол, байгалийн боржин чулуун явган зам, ногоон байгууламж, хуйлмал зүлэг, гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж, сандал, хогны сав зэрэг ажлуудыг хийсэн байна.

Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын тохижилтын ажлын тухайд явган хүний зам, бут хашаалж тарих ажил, хүүхдийн модон тоглоом, явган хүний гүүр, ногоон байгууламжийн ажил, гадна цахилгаан, гадна бохирын асуудлыг шийдэх зэрэг ажлуудыг хийсэн. Өдгөө авто замын ажлыг яаралтай гүйцэтгэж, угтах хэсгийн чулуун замын ажлыг яаралтай дуусгаж, дөрөвдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын нийт гүйцэтгэл 85 хувьтай байна.

Харин Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажил нийт 36 мянган ам метр талбайг хамарна. 2022 онд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 2023 онд нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, камержуулалт, тоноглол, тоглоомын талбай, нийтийн театр зэрэг ажлуудыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.