477 оюутныг цагийн ажилд зуучиллаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.7, ажилгүйдлийн түвшин 4.3 хувьтай байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 56.1 хувьтай байгаа. 2018 онтой харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн түвшин 4.3 пунктээр өсөж, ажилгүйдлийн түвшин 3.3-аар буурч, ажиллах хүчний оролцооны түвшин 2.7 пунктээр өссөн. 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажил үйлчилгээнд 69 мянган иргэн хамрагдлаа. Өнөөдрийн байдлаар ажил олгогчоор бүртгэгдсэн 482 аж ахуйн нэгж, байгууллага 2093 ажлын байрны захиалга өгч, 3673 иргэнийг “E-job” системд бүртгэж, 948 иргэнийг ажилтай болгосон. Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Оюутныг дэмжих 18 төвтэй хамтран ажиллаж, 477 оюутныг цагийн ажилд зуучиллаа” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд их үйлдэгдэж байна

Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай байна. Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байгаа. 10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Зургаан түр хамгаалах байр, найман нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. 922 иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүлснээс 65.5 хувь нь хүүхэд байна” гэлээ.

Хотын дарга хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг долоо хоног тутам танилцуулж байхыг үүрэг болгов.