Аврагчдыг тусгай зориулалтын хувцсаар хангахаар болжээ

Засгийн газрын өнөөдрийн /2019.06.28/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүд -

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээр 6.6 тэрбум төгрөг, 59 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгээд байна. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд, 2019 онд 80 хувьд хүргэх” гэж тусгажээ.

Талууд хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт явуулах таатай орчин бүрдүүлж, жишиг бүс болгохоор төлөвлөж байна.

  •  Гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын хувцас авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрөв. ОБЕГ-ын гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 50 хувь, алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт 30, холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэл 22, аврах тусгай зориулалтын багаж хэрэгслийн хангалт 15 хувьтай байна
  • Хувиараа болон аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчдэд 20 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгох зорилтот төслийг нээлттэй, иргэдийн саналын оролцоотой сонгон шалгаруулах удирдамж батлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв. Зээл олгохдоо тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэх юм байна. Энэ онд тэрбум гаруй төгрөгийг олгох боломжтой бөгөөд аймаг, нийслэлийн дүүрэг бүрт хоёр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
  • Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хошой чин ван М.Ханддорж, Халхын хүрээний газрын Бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, үе улиран Засаг хошой чин ван Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.
  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой 2019 оны 07 дугаар сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод болно. Түүхт ой болон тус нийгэмлэг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.