С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагчийг тухайн ажилд томилох ёсгүй"
"Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж заасны дагуу уг хөтөлбөр болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан юм. Улсын Их Хурлын даргын 2023 оны 209 дүгээр захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байна. Ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн зэрэг байгууллага мэргэжил, арга зүйн дэмжлэн үзүүлсэн байна. Үндэсний хөтөлбөрийн төслийг Ёс зүйн хороо болон Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын дэмжлэгтэйгээр www.csc.gov.mn, https://d.parliament.mn/ цахим талбаруудад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авчээ. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2800 гаруй төрийн албан хаагчийг оролцуулан цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлсэн бөгөөд яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, иргэний нийгэм, судалгааны байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг долоон удаа зохион байгуулж, төрийн, төрийн бус нийт 45 байгууллагаас 520 гаруй санал ирүүлснийг нэгтгэн тусгаж, эцэслэн боловсруулсан байна.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, төрийн албаны цахим бүртгэлд хэдэн төрлийн үйлчилгээ бүртгэгдсэн болон төрийн албаны шуурхай байдлыг хангах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, төрийн албан хаагчдыг цахим бүртгэлд хамруулж дараагийн асуудлыг шийдвэрлэдэг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хөтөлбөрийн төсөлд тусгасан төрийн албан хаагч гэдэг захиргааны болон тусгай албан хаагчаас гадна улс төрийн албан хаагчийг хамруулсан эсэх талаар асуулт асууж, санал гаргасныг төсөлд тусгахаар тогтсон хэмээн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулгадаа дурдлаа. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа асуулт асууж, үг хэлсэн юм. Тэрбээр, өнгөрсөн гурван хоногт болж өнгөрсөн эмийн үнийн өсөлтийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор тус салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авилгатай тэмцэх газарт өгдөг боловч шийдвэрлэдэггүй, ашиг сонирхлын зөрчил нь илэрхий байсан ч төрийн албанд оруулж ажиллуулдаг зэрэг баримтууд яригдсан тухай дурдаад, хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар хэрхэн ажиллах, энэ мэт зөрчлийг эцэс болгох чиглэлээр төрийн албан хаагчийн ёс зүйн Үндэсний хөтөлбөрт хэрхэн туссан тухай асуулт тавив. Мөн, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх шаардлага юу байгаа талаар асууж, хариулт авсан юм.
Ажлын хэсгийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн бөгөөд Авилгатай тэмцэх газрын Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн түүний асуултад хариулахдаа, төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газар авч, зөрчил тогтоогдож байгаа эсэх, эсвэл тухай салбарт ажиллахад цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй эсэх талаар хянан дүгнэлт гаргадаг. Хэрэв илт ашиг сонирхлын зөрчил тогтоогдвол албан хаагчийг тухайн ажилд томилох ёсгүй. Тус салбарт ажиллахад тухайн хүнд цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд тайлбар, мэдэгдэл гаргуулж, шаардлагтай бол тухайн ажлаас түдгэлзүүлэх учиртай гэсэн хариулт өгөв. Мөн тэрбээр, Монгл Улсын төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаар Удирдлагын академиас гурван удаагийн судалгаа хийсэн тухай танилцуулж, эдгээр судалгаагаар төрийн албан хаагчдын ёс зүйн байдал хангалттэй түвшинд дүгнэгдээгүй гэлээ. Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил өнөөдөр сургалт төдийхнөөр хязгаарлагдаж байгааг тэрбээр онцолсон юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төрийн албан хаагч томоохон ёс зүйн зөрчил гаргах тохиолдолд эрх мэдэлд нь цэг тавьж чаддаг байх, зөрчил гаргахгүй байх тал дээр нь шалгуурыг нь өндөр тавих шаардлагатай гээд, эмийн үнийн өсөлтийн асуудлаарх сонсгол дээр яригдсан нотлох баримтуудыг харж байхад тус салбарт төрийн зохицуулалт маш их байгаа атлаа ашиг сонирхлын зөрчил, далд бизнес асар их цэцэглэж, аалзны тор шиг бүрхчихсэн байгаа нь харагдсан гэсэн юм. Улсын Их Хурлаас төсөв, зардлыг нь жил дараалан нэмээд байхад энэ маань ард, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах ёстой байтал өөр замаар урсаж алга болоод байгаа нь бас л төрийн албан хаагчдын ёс зүй, шударга байдал хангалтгүй байгаатай холбоотой хэмээн тэрбээр дурдаж, үүнийг таслан зогсоох ёстой гэв. Мөн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх шийдвэрлэлт нь шударга, зөв байх ёстойг онцоллоо.
Санал хураалт явуулахад “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.