Сонгинохайрханы ШИНЭ ӨНГӨ

Хуулийн хугацаандаа тулгаж, улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулсан нь нийгмийн гол сэдэв болсоор удлаа. ЖДҮ-ээс зээл авсан нэгэн нэр дэвшиж л гэнэ. Хөгжлийн банкийг тонож, нүүрсний хулгайд холбогдсон зарим нь нэрээ дэвшүүллээ л гэв. Аль, аль нь бодитой юу бодитой, шүүмжлэлтэй хандах асуудал мөн үү, мөн. Сонгуулийн цикл бүрээр ийм шүүмжлэл, эгдүүцэл нийгмээс цухалзаж, зэрэгцдэг ч МАН, АН, ХҮН тэргүүтэй парламентад суудалтай гурван намын нэр дэвшүүлэлтэд басчхүү салхи орж, насны хязгаарт залуу үе гарч ирсэн нь онцлох бас сайн тал нь болж байх шиг. Жишээ нь, эрх баригч Монгол Ардын Нам байна.

Хүний өөрийнгүй хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцэлд хотын дарга Х.Нямбаатарын хоршил хүч нэмэх болсон энэ цаг үед сонгуульд хэнийгээ нэр дэвшүүлэх нь улс төрд анхаарал татах гол шалтгаан байсан нь саяхан. Тэр нь ч ёсоор болсон, томоохон улстөрчид нь нэр дэвших эрхээ авч чадалгүй тойргийн гадна үлдсэн нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдал. Намын жагсаалтад ч улстөрчид биш салбар, салбарын төлөөллийг эрэмбэлсэн нь улс төрд шинэ жишиг тогтоов. Эдгээрээс Сонгинохайрхан дүүргийг дурдаж болно. 

Нийслэлийн хамгийн олон хүн амтай, гэр хорооллын бүс давамгайлдаг нь эл дүүргийн онцлог. Гэлээ гээд хөгжлийн тойргийн гадна үлддэг, үлдээдэг, үлдээж ирсэн гашуун туршлага энэ орчмыг тойрдоггүй дайрдаг. Угтаа бол нийслэл хэмээх их айлын жин дарах хэсгийг бүрдүүлдгээрээ Сонгинохайрхан дүүргийн хөгжил хотын төвтэйгөө ч адилхан хэмжээнд дүйж байх ёстой юм. Гэвч энэ дүүргээс сонгогдсон үе үеийн УИХ-ын гишүүдийн олонхи нь улстөр, бизнесийн салбараас сонгогдож ирсэн нь хөгжлийн бодлого ярихаас илүүтэй хувийн рейтингээ өсгөхөд чиглэдэг, амлалтаа ч биелүүлж амжихгүй бүрэн эрхээ дуусгавар болгож ирсэн түүхтэй.

Харин энэ удаад тэрхүү уламжлалд цэг тавьж мэдэх нэр дэвшүүлэлтийг МАН-аас хийлээ. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Э.Батшугар, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар нарын нэрийг дэвшүүлсэн нь Бага хурлаар дэмжлэг хүлээв. Боловсрол талаасаа нийгмийн ажилтан, эдийн засагч, эрх зүйч, хүний их эмч. Анзаарсан бол УИХ-ын гишүүн Э.Батшугарыг эс тооцвол эдгээр нэр дэвшигч дунд нэг ч улстөрч алга. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийг зөвхөн УИХ-ын гишүүн болох шат дамжлага гэж харж ирсэн улстөрчдийн сонирхолд МАН “ҮГҮЙ” гэж хэлсэн нь энэ байв.

Жишээ нь, Н.Алтаншагай бол Сонгинохайрханаас ажлын гараагаа эхлүүлж, шатлан дэвших зарчмаар явсаар өдгөө Засаг даргын албатай яваа нэгэн. Жинхэнэ мерит зарчмаар яваа албан хаагч. П.Сайнзоригийн тухайд Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны дарга байх үеэс томоохон хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт багтаж, Хууль зүйн сайд болоход нь Төрийн нарийн бичгийн дарга, өдгөө нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байгаа эрх зүйч. Салбарын яаманд байхдаа Оюу Толгойн Хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрээс эхлээд улс орны эрх ашигтай холбоотой хэд хэдэн гэрээг хариуцаж байсан хүн. 

Сайд Ч.Номингийн хувьд Засгийн танхимд бодлого тодорхойлж байгаа, басчхүү эрхэлсэн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сайн менежер. Харин Н.Хүрэлбаатар анагаах ухааны салбарыг гарын арван хуруу шигээ мэдэх, мерит зарчмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайд хүртэл хийж үзсэн доктор, профессор. Ташраар нь улстөрчдийг багцалж нэр дэвшүүлдэг, байх ёстой юм шиг ужгирсан хандлага энэ удаад Сонгинохайрханыг дайраагүй тойрсон нь өөрөө том дэвшил. Энэ талаас нь харвал МАН-ын хамгийн боломжит хувилбарын нэг нь яах аргагүй Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог байх нь.

С.Сүлд