Л.Оюун-Эрдэнэ энийг л эсэргүүцээд байжээ!

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болсноосоо хойш “Гурван үсэг”-тэй компанийн тухай их ярьдаг байлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга болохдоо ярьж л байсан. Ерөнхий сайд болсныхоо дараа ч хэлж л байв. Нэрийн товчлол нь гурван үсэгт багтдаг үндэсний компани Монголд хуруу дарам цөөн. Тэдгээр нь нүүрс, алт, цемент, барилга, орон сууц зэргээр дотоод төдийгүй гадагшаа чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь том, улс төрийн хамаарал нь үлэмж. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “гурван үсэг”-тэй компани яг аль нь вэ? гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй, битүү утгатай явсан нь саяхан. 

Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх үеэр Ерөнхий сайд тэрхүү “гурван үсэг”-тэй компанийг нээлттэй зарласан нь МАК. Тэрбээр “2006 онд УИХ-аар орсон стратегийн ордны жагсаалтад байсан төслүүдийг стратегийн орд биш гээд ээлж дараалан лоббидож гаргасан. Удахгүй энэ асуудал сонсголоор ил болно. УИХ-ын гишүүд лобби хийж байгаа янз бүрийн ятгалагад орохгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. 2006 онд орсон стратегийн ордуудын дийлэнх нь одоо байхгүй болчихсон. Эсвэл хэдэн хэсэг хуваагаад нөөцийг нь багасгадаг, Цэцэд авлигал төлж авдаг ийм л байдалтай байна. Уул уурхайн салбарын асуудалд бид хатуу бодлогоор явах ёстой.

МАК компани одоо хангалттай, болих хэрэгтэй. 34 хувиа “Хуримтлалын сан” руу шилжих эрхийг өгчих. Хэрвээ үүнд асуудал гарвал стратегийн ордуудыг буцааж авах мөн хэн, хэн яаж оролцсон бэ? гэдгийг ярина шүү. Одоо хангалттай, аятайхан байгаарай. Яасан их мөнгөтэй юм бэ?” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны индрээс эгдүүцэж байлаа.

Сонирхолтой нь, Ерөнхий сайдын байр суурь оргүй үг биш харин бодитой байсныг УИХ-ын хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой “Нээлттэй сонсгол” харууллаа. Үндэсний геологийн албанаас хийсэн танилцуулгаар 1997-2023 оны хооронд Монгол Улсын хэмжээнд хайгуулын 14299, ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Үүнээс Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ. Хамгийн их буюу 2053 хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн 2004 онд олгож байсан аж. Гэхдээ энэ бол мэдээллийн гол агуулга биш. 

Харин Монгол Улсын хэмжээнд хамгийн их тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 25 хувь хүнийг нээлттэй зарлахад Б.Нямтайшир тэргүүтэй хувьцаа эзэмшигчид эхний тавд багтсан нь анхаарал татах асуудал болов. Үүгээр Б.Нямтайшир 41, Д.Хулан 40, Н.Номтойбаяр 40, Н.Цэлмүүн 40, Н.Мөнгөншагай 40 тусгай зөвшөөрөл эзэмшдэгийг холбогдох байгууллагын мэдээлэлд дурджээ. Өнгөц харахад МАК гэсэн том малгай байгаа ч, түүнийх нь дор нэг гэр бүлийн таван гишүүн дээрх тооны тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь ийн болов. Гэхдээ энэ бол ганцхан жишээ. Толгой компаниараа дамжуулж, гэр бүлээрээ хамгийн их тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь Б.Нямтайшир болохоос бизнес, улс төрийн хамаарал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж газрын хэвлий дэх баялаг, тэр дундаа стратегийн ордуудад эзэн суусан хэсэг бүлгийн явцуу эрх ашиг Монголыг хэрсэн үү, хэрсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энийг л эсэргүүцээд байсан гэсэн үг.

Гагцхүү Үндэсний баялгийн сантай болж, Төрийн эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд хамаарах ногдол ашгийн түрүүчийг “Хуримтлал сан”-д төвлөрүүлж, ипотекийн зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулсан энэ цаг үед тусгай зөвшөөрөлтэй холбоотой “Нээлттэй сонсгол”-ыг зохион байгуулж буй нь дахин гал дуудаж мэдэхээр байна. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн эсэргүүцэл “бай”-ндаа тусах уу? банзан дээр онох уу? гэдэг нь цаг хугацааны л асуудал болох нь.

Г.Эрхэс