С.Буяндэлгэр: Aливаа стандартыг сайжруулж, шинэчлэх үйл ажиллагаанд Монгол Улсын иргэн бүр оролцох боломжтой

Стандарт, хэмжил зүйн газрын Cтандартчилал, тохирлын үнэлгээний газрын мэргэжилтэн С.Буяндэлгэртэй ярилцлаа.


-Ярилцлагын эхэнд та өөрийгөө товч танилцуулаач?

-Миний хувьд Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газарт мэргэжилтнээр ажилладаг. Стандарт хэрхэн бий болохоос эхлээд батлах хүртэлх процессыг хариуцдаг. 2009 онд МУИС-ийг биотехнологич мэргэжлээр төгссөн. Улмаар 2021 онд JDS-ийн Хүний нөөцийг хөгжүүлэх төсөлд хамрагдаж, Японы Засгийн газрын тэтгэлгээр байгаль орчны магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Японд сурч байхдаа Монгол Улсын стандартад суурилж, гадаргын усны чиглэлээр судалгаа хийсэн юм. Ямар ч судалгаа, шинжилгээний ажил хийхэд стандарт суурь баримт бичиг болдог. Тэр ч утгаараа сургуулиа төгсөж ирээд Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. 

-Стандарт, хэмжил зүйн газрын талаарх иргэдийн дунд түгээмэл ойлголт байдаг нь энэ агентлагийг зөвхөн үнэт металлын сорьцыг тодорхойлж, баталгаажуулдаг гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр тийм биш. Ерөөсөө Монгол Улсын хэмжээнд стандартын зохистой түвшинг бий болгох нь Танай байгууллагын эрх, үүрэг байх аа?

-Стандарт, хэмжил зүйн байгууллага нь Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэхэд, стандартчилал, хэмжил зүй, сорьц болон тохирлын үнэлгээний чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг. 

-Таны хэлж буйгаар Стандарт, хэмжил зүйн газар нь дотроо маш олон төрлийн нэгжүүдэд хуваагддаг юм байна?

-Тийм ээ. Стандарт, хэмжил зүйн газар нь Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар, Хэмжил зүйн бодлогын газар, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар, Сорьцын хяналтын газар, Лаборатори болон 21 аймагт салбар хэлтэстэй, нийт 700 гаруй ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

-Тохирлын үнэлгээ гэдгийг тодруулж болох уу?

-Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд учруулж болзошгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын үнэлгээнд заавал хамруулах шаардлагатай. Тохирлын үнэлгээ нь олон улсын худалдаан дах техникийн саад тотгорыг арилгах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оролцоно. Үүнд Монгол Улсын стандарт нь суурь болж өгдөг. Ер нь олон улстай стандартын баримт бичгээр л ойлголцоно. 

-Таны хувьд аль салбарыг нь хариуцаж ажиллаж байна?

-Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар нь бүх салбарыг хамарсан 64 техникийн хороотой. Би одоогоор байгаль орчин, ус, байгаль орчны менежмент, хими, химийн технологийн стандартчиллын технологийн хороонуудыг хариуцан ажиллаж байна.  Техникийн хорооны нарийн бичиг нь шинээр боловсруулж байгаа стандартад шүүлт хийх, олон нийтээс санал авах, тухайн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн техникийн хорооны хурлыг зохион байгуулж, хэлэлцүүлэх ажлыг хариуцдаг. 

-Хүрээлэн буй орчны чиглэлээр хэчнээн стандарт Монгол Улсын хэмжээнд мөрдөгддөг бэ?

-Байгаль орчны чиглэлээр 320 орчим стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  Стандарт нь нэр томьёоны, шинжилгээний аргын, техникийн шаардлагын зэрэг төрлүүдтэй. 

-320 орчим стандарт байдаг гэлээ. Эдгээрийг дагаж, мөрдүүлэх зохицуулалт, хяналт нь ямар байдаг бол? Стандарт батлах нэг өөр, хэрэгжүүлэх бүр өөр шүү дээ?

-Стандартыг батлах, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хяналт тавих ажил нь тус тусдаа зохицуулалттай. Манай газрын хувьд стандарт батлах процессыг хийдэг ч мөрдүүлэх, хяналт тавих хууль, эрх зүйн орчин байхгүй. Стандартыг хэрэгжүүлэхэд төр, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийнхэн гээд Монгол улсын иргэн бүрийн оролцоо маш чухал байдаг. Стандартын хэрэгжилтэд хяналт тавихын тухайд байгаль орчны салбарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь хяналт тавих ажлыг хариуцан ажиллана гэсэн үг.

-Манай стандартын түвшин олон улстай харьцуулахад аль орчимд нь явна вэ? Ялангуяа хүрээлэн буй орчноор...?

-Байгаль орчны чиглэлийн нийт стандартын 44.5 хувь нь олон улсын түвшинд хүрсэн стандарт байдаг. Стандартчиллын цаашдын зорилго нь энэхүү хувийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. 

-Стандартыг заавал дагаж мөрдөх үү? Эсвэл сонгон хэрэглэх үү?

-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд стандарт нь сонгон хэрэглэх баримт бичиг. Хэдийгээр стандарт нь сонгон хэрэглэх буюу зөвлөмжийн шинж чанартай баримт бичиг ч үндэсний хууль тогтоомж, дээд газрын тушаал шийдвэр, техникийн зохицуулалтад эш татсан тохиолдолд тухайн баримт бичгийн нэгэн адил заавал мөрдөх баримт бичиг болдог. Стандартыг сонгож хэрэглэнэ гэдэг нь стандартыг хэрэглэж болно, болохгүй гэх үг биш. Жишээ нь: Лабораторид нэг үзүүлэлтийг шинжлэх шинжилгээний аргын хоёроос гурван төрлийн стандарт байж болно. Түүнээс лаборатори өөрийн үйлдвэрийн хүчин чадалдаа уялдуулан сонгон хэрэглэж болно гэсэн ойлголт. Ер нь аливаа стандарт гэдэг дагаж, мөрдөх л баримт бичиг. Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул байдлыг хамгаалах зорилгоор техникийн зохицуулалтыг боловсруулдаг. Үүнийг тухайн асуудал хариуцсан яам боловсруулах Засгийн газраас батална.

-Ер нь салбар хоорондын уялдаа холбоо, харилцан ойлголцол нь ямар шат дамжлагаар явдаг юм бол?

-Байгаль орчны бодлого барьж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай манай байгууллага нягт хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд дээрх байгаль орчны асуудлыг хэлэлцэх техникийн хорооны үйл ажиллагааг яамны төлөөлөл удирдан явуулж байна. Тухайн бодлого хариуцаж байгаа яамны санаачилга, байгууллагын хүсэлтийн дагуу стандартын үзлэг хийдэг. Ер нь стандартын үзлэгийг таван жил тутамд хийдэг. Байгаль орчны яаманд гэхэд 2022 оноос стандартын үзлэгийг хийсэн. Үзлэгийн дүнгээр стандартад нэмэлт өөрчлөлт оруулан хянаж шинэчлэх, эсвэл хүчингүй болгох зэрэг тайлан гардаг. Тайлангийн дүнг техникийн хорооны хурлаар хэлэлцэж түүнд суурилсан стандартчиллын төлөвлөгөөг боловсруулдаг. Нэг стандарт батлагдах хугацаа 18 сар байдаг.

-Гэхдээ таван жил гэдэг нь хэтэрхий урт хугацаа биш үү?

-Техникийн хороо шаардлагатай гэж үзвэл үзлэг хийх хугацааг үл харгалзан стандартыг  хянаж болно.

-Тухайлсан стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай гэж үзвэл батлах процесс 18 сар юм байна?

-Тиймээ. Стандартчиллын процесс буюу нэг стандартыг үндэсний стандартаар батлах үйл ажиллагаа нь 6 үндсэн үе шаттай /Санал дэвшүүлэх, бэлтгэх, хорооны, олон нийтээс санал авах, батлах, мэдээлэх/ байдаг. Олон улсад ч энэ үе шатууд ижил байдаг. Эхлээд стандартын төслөө ирүүлнэ. Стандартын төсөлд нарийн бичгийн дарга нар шүүлт хийнэ. Олон улсад хүчинтэй, хүчингүй байгаа эсэхийг хянана. Дараа нь техникийн хорооны гишүүдээр хэлэлцүүлж санал авна. Техникийн хорооны гишүүд тухайн стандартын төслийг зөвшөөрвөл дараагийн процесс явагдана. Стандартчиллын процесст аль болох олон талын төлөөллийг хамруулахыг зорьдог. Техникийн хорооны гишүүнд олон улсдаа ч долоон категорийг хамруулсан байх ёстой байдаг. Тухайн стандартыг хэрэглэгч, Засгийн газар, ажил олгогч гишүүд, дүгнэлт гаргадаг байцаагч, ТББ зэргийн төлөөллүүд заавал оролцох ёстой. Дараагийн шат нь олон нийтээс санал авах үе шат байдаг. Цахим сайтад 60 хоногийн хугацаанд байршуулж олон нийтээс санал авна. Бүх мэдээлэл нь нээлттэй учраас иргэд өөрсдөө гар бие оролцох бүрэн боломжтой. Олон нийтийн саналыг стандартын төсөлдөө тусган сайжруулалтыг хийсний дараагаар техникийн хороогоор хэлэлцэж, агентлагийн даргын тушаалаар батлагддаг.

-Иргэдийн оролцоо, санал хүсэлтэд үндэслэж байж тухайн стандарт илүү бодитой, чанартай байдлаар батлагдаж гарна гэсэн үг үү?

-Стандартын баримт бичиг маань зөвшилцлийн баримт бичиг. Энэ бол зөвхөн Стандарт, хэмжил зүйн газрын хийх ёстой ажил гээд орхиж болохгүй. Стандартчиллын процесс нь нээлттэй байдаг учраас иргэд, олон нийт идэвхтэй оролцох нь чухал.

-Энэ стандарт хуучирчихлаа гээд шууд өөрчилдөггүй л юм байна?

-Тийм ээ. Миний дээр дурдаж хэлсэнчлэн стандартчиллын процесс явагддаг. Ер нь стандарт нь судалгаа шинжилгээ, тооцоонд үндэслэн хийгддэг учраас эрдэм шинжилгээ, ТББ, Төрийн дээд шатны байгууллага зэрэг олон төлөөллийг оролцуулдаг. Одоогоор Монгол улсад 64 техникийн хороонд давхардсан тоогоор 835 орчим техникийн хорооны гишүүд байдаг. Монгол Улсын стандартын хөгжилд маш том хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс юм.

-Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандарт бүрийн ард эдгээр хүмүүс байдаг байх нь?

-Тийм ээ. 

-Хуульд хэрэггүй цэг, таслал гэж байдаггүй. Учир нь, цэг, таслал бүр нь эрх зүйн үр дагавар үүсгэх боломжтой байдаг. Үүн шиг шинэ тутамд гарч байгаа стандарт болгоны ард маш их цаг хугацаа, олон талын төлөөллийг оролцуулсан шат дамжлага явдаг гэж ойлголоо?

-Стандарт боловсруулах процесс, стандартын бичиглэл нь олон улсын баримт бичгийг үндэслэн боловсруулсан МNS 0001-1, MNS 0001-2 стандартын дагуу явагддаг. Стандартыг хэн ч боловсруулах эрхтэй. Харин дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөхөд бид оролцдог. 

-Бүтээгдэхүүний гадна шошгод MNS ISO 9001 гэсэн тэмдэглэгээг хараад уг бүтээгдэхүүнийг найдвартай юм байна гэж ойлгодог. Та энэ талаар мэдээлэл өгвөл?

-MNS ISO 9001, MNS ISO 22000 зэрэг менежментийн тогтолцооны стандартууд нь тухайн бүтээгдэхүүний чанарыг тодорхойлж байгаа стандарт биш ээ. Харин байгууллагын бүтэц, үйл ажиллагааг системтэй, үр дүнтэй зохион байгуулахад уг стандартыг тусалдаг. Эдгээр стандартуудыг нэвтрүүлснээр байгууллага нь өөрийн үүсэж болох эрсдэлийг бууруулж байна гэсэн үг.  

-Энэ оны Байгаль орчны салбарт батлагдаж буй онцлох стандартын тухайд?

-Энэ оны Байгаль орчны менежментийн стандартчиллын төлөвлөгөөнд Эко-тэмдгийн стандартууд шинэчлэгдэж байгаа. Дэлхийн 190 гаруй улсад 264 орчим эко тэмдгийг хэрэглэдэг. Эдийн засаг ногоон шилжилт төслийн хүрээнд Эко-тэмдгийн стандартыг шинэчлэх ажил хийгдэж байна. Төслийн хүрээнд Герман улсын сайн туршлагыг судлахаар Төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүн явсан. Германы сайн туршлагаас дурдвал Эко-тэмдгийн хэрэглээ маш өндөр хөгжсөн байна гэж миний хувьд харсан. Хэрэглэгч дэлгүүрт ороод бараа, бүтээгдэхүүний шошгын мэдээлэлтэй танилцаж сонголтоо хийдэг. Эко-тэмдгийг нэвтрүүлэх, хэрэглэх нь байгаль орчныг хамгаалах нэг гол зүйл болж байна. 

Ер нь Эко-тэмдгийг тухайн аж ахуйн нэгж өөрсдийн сайн дурын санаачилгаар хийж, баталгаажуулалтаа авдаг. 

-Эко тэмдгийн ач холбогдол нь юундаа байна?

-Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, хог хаягдал, усыг дахин боловсруулах, эрчим хүчний ашиглалтыг багасгах шинэ технологи, үйлдвэрлэл явуулж байгаагаа нотолж, баталгаажуулсны үндсэнд энэхүү эко-тэмдгийг тухайн бүтээгдэхүүнд олгодог. Бүтээгдэхүүнийг анхны түүхий эдээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн болох бүх процесст дүгнэлт хийдэг гэсэн үг. Монгол Улсад эко тэмдгийн журмыг Байгаль орчны яамнаас баталчихсан. Хэрэгжилтийн тухайд төдийлөн сайн биш байх шиг байна.