С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Уул уурхайг улстөрчдийн "савар"-аас салгах стратеги!
Эрдэс баялаг бол Монгол Улсын эдийн засгийн түших цэг, тулах багана болсон онцгой салбар. ДНБ-ий 25, улсын төсвийн орлогын 30, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73, нийт эскпортын 92 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг нь үүний илрэл. Өөрөөр хэлбэл, энэ салбарын тогтвортой байдал эдийн засгийн эерэг үзүүлэлтийг хадгалах гол хэмжүүр болдог юм. Хамтарсан Засгийн газрын зүгээс тэргүүлэх бодлогоо томоохон мега төслүүдийг хөдөлгөхөд чиглүүлэхийн хажуугаар ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэхээр товлосон энэ өдрүүдэд “Mining Week 2024” үзэсгэлэн, арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяаны 31 компани болон Оюу Толгой тэргүүтэй томоохон гаднын хөрөнгө оруулагчид салбарын өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын “газрын зураг” тодорхойлов. Энэ удаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Үндэсний баялгийн сангийн тухай хууль, аж үйлдвэржилтийг дэмжих нь сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тэрбээр Үндэсний баялгийн сангийн орлого бүрдүүлэгч гол эх үүсвэр “Эрдэнэс Монгол” нэгдэл болохыг онцолж, цаашид ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг татан буулгаж, ашигтайг илүү бүтээмжтэй байлгахад бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Эл шинэтгэлийг хийх суурь өөрчлөлт нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж, батлуулсан тохиолдолд ажил хэрэг болно гэдгийг сайд Н.Учрал онцлоно лээ. Уул уурхайн салбарт хийх өөрчлөлт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын мэдээллийг шат дараатай ил тод болгож, стратегийн ач холбогдолтой ордын Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар тодорхой мэдээллийг өгсөн.
Өдгөө Монгол Улсын хэмжээнд 16 стратегийн орд газар бүртгэгдсэнээс долоо нь Төрийн, үлдсэн нь хувийн хэвшлийн эзэмшилд яваа юм. Үндсэн хуулийн зарчим, Үндэсний баялгийн сангийн агуулгыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Төр тэдгээр компаниудтай ширээний ард сууж, хэлэлцээ хийснээр хувь эзэмшлийг тогтооно. Эцсийн дүндээ 34 байх уу, эсвэл 50 хүртэлх хувийг Төрд төвлөрүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулах уу? гэдэг нь хувийн хэвшил хооронд хийх хэлэлцээнээс албажих учиртай. Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ногдол ашгийн 34 хувь нь иргэдийн дансанд хуримтлагдах бол үлдсэн 66 хувийг дэд бүтцэд хөрөнгө оруулна.
Н.Учрал сайдын хэлснээр засаглалын ил тод байдлыг бий болгож, иргэдийн “Хуримтлалын сан”-д ногдол ашиг хуримтлагдах нь Засгийн газрын зорилго аж. Сангийн зарцуулалт маш тодорхой, ерөөс орон сууц, боловсрол, эрүүл мэндийн салбарт “шингээх” заалттай. Бусдаар төр өөртөө төвлөрүүлэх, төсвийн цоорхойг нөхөх нь хуулийн хязгаар бас хоригтой. Үндсэндээ 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, өмнөх парламентын үеэс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үйлчлэлээр байгалийн баялгийнхаа үр ашгийг иргэддээ хүртээх арга замыг ийн тодорхой болгосон хэрэг. Ингэснээр хариуцлагатай уул уурхайг бий болгож, тал талын оролцоог нэмэгдүүлж, энэ салбарт урт хугацааны тогтвортой хөгжил авчирна гэж үзжээ.
Гэхдээ уул уурхайн тогтвортой хөгжил дан ганц тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүрээнд хэмжигдэхгүй. Бүх талын оролцоог байдлаар явж, бизнесийн эрх чөлөөг хангах, улс төрийн оролцоог багасгах, бүр тас хорих, засаглалыг ил тод болгоход чиглэж буйг энд тодотгоё. Гол асуудал нь стратегийн орд эзэмшигч компаниуд Төртэй Тогтвортой байдлын гэрээг байгуулж, түүнийгээ УИХ-аар батлуулах зүй ёсны шаардлага үүсчээ. Нэгэнт Тогтвортой байдлын гэрээ байгуулсан тохиолдолд Засгийн газар, УИХ-ын бүрэлдэхүүн солигдохоос үл хамааран тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хөрөнгө оруулалт олон улсын түвшинд дархлаатай болох юм. Үүгээр зогсохгүй "Эрдэнэс Монгол" нэгдлийн бие даасан байдлыг хангаж, улс төрийн оролцоог бүрэн хална гэдгийг Н.Учрал сайд хэлсэн нь зүгээр ч нэг байр суурь биш нь ойлгомжтой.
Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох ажлыг 2025 оноос эхлүүлэх тогтоолын төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн нь ч энэ салбарын ирээдүйд эрдэс баялгийн шинэ нөөцийг тодорхойлох, ил тод байдлыг хангахад технологийн дэвшлийг ашиглах үндсэн шалтгаан болох нь.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монгол Улсын аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх үйлдвэрлэл, технологийн паркийн зургаан төслийг танилцуулсан. Эдгээр парк ашиглалтад орсноор хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад дараа шатны боловсруулах үйлдвэр байгуулах үнэ цэн бий болох аж. Үндсэн түүхий эд үйлдвэрлэх суурь үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг зургаан байршилд стратегийн ордуудаа түшиглэж эхлүүлэхээ С.Наранцогт захирал зарласан нь энэ. Мэдээж шинэ мэдээ. Шинэ мессеж. Ялангуяа хөрөнгө оруулагчдад. "Эрдэнэс Монгол" засаглалын хувьд нэгдлийн зарчимд бүрэн утгаараа шилжиж, стратеги төлөвлөгөөгөө баталгаажуулснаар ердөө хоёрхон жилийн хугацаанд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, хэд хэдэн түүхэнд дээд амжилт үзүүлсэн байдаг.
2023 оны баталгаажсан тайлангаар улс, орон нутгийн төсөвт 4.5 их наядыг төвлөрүүлж, борлуулалтын орлого 3.6 дахин өсч, 14.9 их наядад хүрчээ. Цэвэр ашгийн хэмжээ 4.4 их наядад хүрсэн гэсэн үг. Экспортыг 2.6 дахин нэмэгдүүлснээр валютын нөөцийн 70 хувийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниуд дангаараа бүрдүүлжээ. Нэг ёсондоо энэ нэгдэл зөв чиглэлээр явж чадвал монголчууд нийтээрээ хожино. Буруу тийш эргэвэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх томоохон нөлөө үгүй болох хэрэг.
“Эрдэнэс Монгол” нэгдэлд явж ирсэн улс төрийн нөлөөллийг бүрмөсөн арилгаж, ил тод нээлттэй засаглалыг бий болгоно гэж Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал зориуд онцолсон нь ийм шалтгаантай.
Г.Эрхэс