Тэр түүхэнд үлдэх эхний алхмаа хийлээ
Ерөнхий сайд байх хэцүү. Танхимаа бүрдүүлэх сайд нарын томилгооноос эхлээд ярвигтай. “Дан дээл”-тэй нэгнийг гаднаас томиллоо гэхэд УИХ-ын гишүүдийн аманд багтдаг, эсрэгээрээ парламентаас “давхар дээл” өмсүүлэхээр хууль тогтоох засаглалынхаа эрх мэдлээс давлаа гээд шүүмжлэл дайх нь олон. Энэ бүгдийн ард намын болон улс төрийн эрх ашгийг хангасан байх ёстой. Эс бөгөөс Ерөнхий сайд нь өөрөө хүчгүйдэж, бусдын барьцаанд орно. Үүнд Ерөнхийлөгчийн нөлөө ч хамаатай. Үе үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын хувь заяа ийм замаар явсан, Л.Оюун-Эрдэнэд ч түүгээр замнасан. Ялгаатай нь, тэр өөртөө зарим давуу талыг бий болгосон нь 126 гишүүнтэй анхны парламентын сонгуульд ялалт байгуулсан ч АН, ХҮН-тай хамтарч Засгийн газраа эмхэлсэн явдал байв. Мэдээж энэ нь шалтгаантай.
Нэгдүгээрт, Монгол Улс парламентын засаглалтай ч шийдвэр гаргах түвшинд Ерөнхийлөгчийн оролцоотой байж ирсэн нь баллуурдаад арилахааргүй үнэн. Хуулиар эл институцийн эрх үүрэг, статусыг тодорхой зааглаж, хязгаарласан мөртлөө сайд нарын томилгоо, томоохон төслийн ард Төрийн тэргүүний байр суурь жин дарах нь бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалж, тэндээс гаргасан Зөвлөмжийг хуулийн адил дагадаг нь үүний нэгээхэн жишээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа тунхагласан парламентын засаглалын эрх үүргийн тэн хагасыг Ерөнхийлөгч албан бусаар хуваалцдаг гэсэн үг.
Хоёдугаарт, Монголын улс төр дэх УИХ-ын даргын нөлөө парламентын танхимд төдийгүй Засгийн газраар хэмжигддэг. Уг нь хуралдаан даргалах, дэг сахиулах, захирамж гаргах нь спикерийн үндсэн үүрэг ч хуулийн төсөл хэлэлцүүлэх эсэхээр дамжуулж Засгийн газарт дам нөлөөлдөг нь бас нэгэн үнэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжлэг хүлээсэн төсөл УИХ-ын өнгөн дээр гацдаг, бүр спикер нь өөрөө индэр ашиглаад унагааж байсан түүх Монголын парламентад бий.
Гүйцэтгэх засаглалын түвшинд шийдвэр гаргах бүрэн эрх нь Ерөнхий сайдад хадгалагддаг нь үнэн ч Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зүгээс шууд болон шууд бус улс төрийн оролцоо бас дам нөлөөтэй явж ирсэн үндсэн хоёр шалтгаан энэ. Ерөнхий сайд эрх баригч намын дарга бүхий “давхар дээл”-тэй байхаас үл хамаарч улс төрийн өрөг дээр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын аль альтай нь ам зөрөхгүйгээр нүүх нь чухал гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэд ийм зовлон бий юу гэвэл бий. Гэхдээ өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд Засгийн тэргүүнээр ажиллаж, басчхүү системийн өөрчлөлтийг сууриар нь хийх шинэтгэлийг эхлүүлж, мөн дэмжүүлж чадсан тэрбээр энэ удаад томоохон мега төслүүдэд төвлөрч буй зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм.
Хамгийн багадаа 16 жил гацсан мега төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахад парламентад суудалтай АН, ХҮН-ын дэмжлэг хэрэгтэй гэж үзсэн нь Хамтарсан Засгийн газрыг байгуулах сэдэл байв. Нийт МАН-ын 68 дээр нэмж тооцвол энэ Засгийн газрын талд өнөөдөртөө 118 суудлын хамтрал бий болсон гэсэн үг. Мега төсөл хөдөлгөхөд хамгийн боломжит хувилбар. Хэдийгээр улс төр өөрөө хоржоонтой, тохуутай гэгчээр замын дундаас эргэж буцах, эргээд Засгийн газар руу ноцох гишүүд замын дундаас гарч болох ч 80-90 гишүүний дэмжлэг байхад л үнэмлэхүй олонхиор шийдвэр гаргана. Төсөл, хөтөлбөрүүд гацаанд орохгүй, бодит хэмжээний хамгаалалтад хэрэгжээд явах хэрэг. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ямар ч шийдвэр гаргасан бусдаас болгоомжлох шалтгаан өнөөдөртөө алга. Парламентад суудалтай АН, ХҮН-ын дарга нар нь Шадар сайдын албыг хашиж, тухайлсан реформыг гардаж хийх үүрэг хүлээсэн нь бас нэгэн дархлаа.
Сонирхолтой нь, дотооддоо хамтрах замаар эв дүйгээ олж, нэг завинд сууцгаасан Монголын Засгийн газрын гишүүд Шанхайд ажиллах үеэрээ томоохон мега төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг баталгаажууллаа. Тэр нь “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц тэргүүтэй хамтын ажиллагааны найман барим бичигт гарын үсэг зурав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын албан ёсны уулзалтад Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Шадар сайд Т.Доржханд болон Засгийн газрын бусад гишүүд оролцсон нь учиртай.
Нэг талаар том төслүүдээ хөдөлгөхөд Монголын улс дотооддоо ямар нэгэн саадгүйгээр гүйцэтгэх засаглалынхаа түвшинд нэг цонхны бодлоготой болсныг, нөгөө талаар улс төрийн тогтвортой байдлаар урагшаа харж ажиллахыг БНХАУ-ын Ерөнхий сайдаар дамжуулж хөрөнгө оруулагчдад өгч буй дохио байж болох. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл, ирэх оны төсвийн төслийн төсөөллөөр ч Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэгэхийн тулд дотоодын улс төр нь тогтвортой, шийдвэр гаргах бүх түвшиндөө нэг цонхны бодлоготой байх нь чухал. Хөрөнгө оруулагчид төдийгүй хоёр, гурав дахь хөршийнхөн ч Монголоос хүсдэг бас хүлээдэг ганц зүйл нь ч тогтвортой байдал. Энэ өнцгөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН-ын дарга бүхий Шадар сайд нарын хамт Шанхайд цугласан хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж яваа нь улс төрийн хувьд тогтвортой байдлыг эрэлхийлж буйн бас нэгэн мессеж болов уу.
“Манай өвөг дээдсийн сургаалд “Монголын За бол Андгай” хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байна” гэдгийг 420 тэрбум ам.долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ эргэлддэг Шанхайн экспогийн индрээс мэдэгдсэн нь ч жирийн нэг тохиол биш юм.
Гагцхүү ганц асуудал бий нь дотоодын улс төр нь тогтвортой, гадаад хөрөнгө оруулалт нь таатай болж эхэлсэн энэ үед цаг алдалгүй том төслүүдээ хөдөлгөх нь онцгой үүрэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өөрт нь ирлээ. Эл хоёр мега төслийн хэрэгжилт хэрхэхээс хамаарч дараа дараагийн хөрөнгө оруулагчдад итгэл төрөх учраас. Тэгж гэмээнэ Төрийн ордонд зургаа өлгүүлээд үлдэх түүхэнд үлдэх гавьяа байгуулсан Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ болж үлдэнэ.
Г.Эрхэс