С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Баярмаа: Өргөсөн тангарагтаа л захирагдана. Өөр юунд ч биш
УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.
-ИНГЭЖ БОЛОХ ЮМ УУ, БОЛОХГҮЙ-
-Цаг үеийн шинжтэй асуудлаар ярилцлагаа эхлүүлье. Энэ өдрүүдийн хамгийн анхаарал татсан асуудал нь ирэх оны Төсвийн төсөл болж байна. Тэр дундаа МАН-аас Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, АН-аас Та болон Б.Түвшин нарын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. УИХ-ын гишүүн асуулга тавих, шаардлага хүргүүлэх нь мэдээж нээлттэй. Гэхдээ Төсвийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн энэ цаг үед хана мөргөхтэй адилхан биш үү? Хуулиараа боломжгүй бас хориотой. Угтаа бол Төсвийн төслийг анх хүргүүлсэн есдүгээр сараас хэлэлцэж эхлэх хүртэл одоогийнх шиг нэгдэж, нийлээд дуугарах хангалттай хугацаа байсан ч хуулийн хугацааг тулгаж акц хийсний цаана улс төр байна гэж харах, хардах хэсэг байна?
-Ирэх оны Төсвийн төсөлд тусгасан зарим зардлыг хасуулах, нэмүүлэх асуудал гарвал нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гаргаж, холбогдох Байнгын хороонд өгдөг. Миний хувьд шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналаа цаг тухай бүрд нь өгөөд явсан. Соёлын яамны ваучертай холбоотой асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үеэр хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан. Оронд нь Хавдрын эмнэлгийн төсвийг оруулъя гэсэн юм . Ерөөсөө л зардлаа танах, хэмнэх байдлаар хасуулах санал. Харамсалтай нь, тэр бүгд дэмжлэг хүлээгээгүй.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар бүх саналыг боосноор чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулдаг. Бас л дэмжээгүй. Уг нь зураг төсөвгүй, магадлал хийгээгүй хөрөнгө оруулалт бүрийг хасах санал гаргасан юм. Байнгын хорооны гишүүд дэмжихгүй байлаа гэхэд чуулганы нэгдсэн хуралдаанд илүү олон хүн байгаа шүү дээ. Бүхэл бүтэн 125 хүн миний саналыг дэмжих байх гэсэн эцсийн найдлага тээсэн. Гэвч унасан. Байнгын хороод, чуулганы хуралдаанаар Баярмаагийн саналыг дэмжээгүй гэсэн үг. Дэмжээгүй саналыг нь зөв гэж үзэж байгаа юм уу эсвэл буруу гэж үзэж байгаа юм уу гэхээр зөв гэдэг. Тэгснээ дэмжээгүй гэсэн үндэслэлээр кноп дарсныг Та бүхэн харсан биз дээ. Үүнтэй агаар нэг байдлаар Г.Тэмүүлэн гишүүн санал дэвшүүлсэн. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний 1.9 их наяд төгрөгийг 30 хувиар танах зарчмын зөрүүтэй саналыг тавиад явсан. Мөн л дэмжигдээгүй.
Ингэж болох юм уу, болохгүй. Миний санал дэмжигдэхээс илүү төсвийн тэлэлтээр дамжуулж ард түмний нуруун дээр ирэх ачаа хүндрэх тухай яриад байгаа юм. Хоёрдугаарт, 2023 оны Төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар батлах үеэс сураг ажиг тавьж, шүүмжлэлтэй хандсан хүний нэг нь би. Нэгэнт гүйцэтгэлийг баталж байгаа болохоор яаж ч чадахгүй. Санхүүгийн зөрчил, улсын мөнгийг үргүй зарцуулсан асуудлаар Ерөнхий аудитор руу хүртэл асуулга тавьсан. Хариу нь ирсэн ч хариуцлага тооцох нь ховор юм билээ. Миний нэг онцлог хөндсөн асуудал болгоноо нийгмийн сүлжээнд тавиад явсан. Тэр дагуу иргэд ч маш их хандсан, тэгэхдээ ганцаараа яваад ямар ч боломжгүй. Ижил “сүрэг”-ээ олж ав гэсэн юм. Тэгж явтал УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин намууд мөрийн хөтөлбөрөөсөө ухарлаа гэсэн агуулгаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Б.Түвшин гишүүн ч зарчмын зөрүүтэй санал оруулаад явсан ч тухай бүрдээ унасан.
Ингээд төсвийн үргүй зардлыг хэмнэхийн төлөө үзэл бодол нь нэг байсан болохоор нийлээд дуу хоолойгоо хүргэвэл яах вэ гэсэн байр сууринд нэгдсэн. Бараг үзэгчдийн, сонгогчдын хүсэлтээр юм уу даа. Ер нь ч зөв юм байна гэж хувьдаа бодсон.
-Тийм байж. Гэхдээ хууль талаасаа Төсвийн төслийг нэгэнт гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн бол боломжгүй...?
-Засгийн газар хэлэлцүүлгийн аль шатанд төслөө буцааж татаад хасч, нэмээд оруулж ирэх эрхтэй. Өнгөрсөн баасан гарагт энэ тухай хэлээд дийлсэнгүй. Даваа гарагийн өглөө асуудлаа тавьсан, Ерөнхий сайдад хүрсэн. Юу шаардсан, хэдэн төгрөгийг хэмнэх шаардлагатай байгаа нь бүх талаараа нээлттэй яваа.
-Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах заалт хуульд бий. Тэрхүү хугацаа нь энэ сарын 15. Үндсэндээ долоон хоногийн хугацаа байна. Ийм шахуу нөхцөлд төсвийг буцаан татах, буцааж оруулж ирэх боломж хомс, бараг байхгүй шүү дээ?
-Уг нь бидний дөрвөн гишүүн өнгөрсөн даваа гарагт саналаа тавьсан. Тэр дагуу Сангийн яамнаас төслөө боловсруулж оруулж ирэх ёстой. Сайд нь ч Монголд байгаа байх. Иргэдийнхээ төлөө хандаад ажиллах хугацаа хангалттай байсан уу байсан. Ажилласан ч байх ёстой. Хүсэл байвал юуг ч хийж болно. Хамгийн гол юм нь дөнгөж хоёр сарын өмнө УИХ-аас Төсвийн тодотгол хийсэн. 31.9 их наядын зарлагатайгаар. Эсвэл бэлэн байгаа тэрийгээ яагаад бариад явж болохгүй гэж. Нэг, хоёр сарын дотод юу л өөрчлөгдөв гэж. Гэхдээ өмнөх оны төсвийн хүрээнд яв гэж байгаа юм биш.
126 гишүүнтэй болж, яамдын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн болохоор төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн нь тодорхой. Шинэ УИХ, шинэ Засгийн газартаа тохирсон төсвийг аль хоёр сарын өмнө тодотголоор хийсэн байхгүй юу. Тэр нь байж л байна. Нарийн яривал тэрийгээ баталчихад буруудахгүй. Болохгүй, боломжгүй гэх зүйл байхгүй. Шаардлагатай гэж үзвэл нэн яаралтай горимоор хуулийн төсөл өргөн барьж батлуулсан кэйс олон. Өглөө нь өргөн бариад өдөр нь Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар ороод оройд нь баталсан хууль байгаа шүү дээ.
-Төсвийн төсөл гэдэг өнөөдөр өргөн бариад маргааш батлах хэмжээний асуудал биш. Наанадаж бүтэн жилийн орлого, цаанадаж зарлагыг нарийвчилж тооцдог учраас асар хариуцлагатай хандах зүй ёсны шаардлага бий?
-Ерөөсөө л хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулахаа Төсвийн тодотголоор хийчихсэн байхгүй юу. Бэлэн төсөл. Дахиад өргөн барилаа гэхэд Төрийн байгууллагууд нь тавилгагүй, суух газаргүй болох зовлонд очихгүй байх. Шаардлага хүргүүлсэн өдөр нь даваа гараг. Гээд тооцоход энэ сарын 15-ныг хангалттай хугацаа байсан.
-Таны шүүмжлэлтэй хандсан байр сууриас хамгийн анхаарлын төвд орсон нь Соёлын яамнаас оруулж ирсэн 18.3 тэрбумын ваучерын асуудал. Нийгмээс ч дэмжлэг хүлээлээ. Нөгөө талд нийслэл, орон нутгийн сонгуулиар хүүхэд бүрд 30 мянган төгрөгийн карт олгох хуулийн төсөл бүхий амлалтыг сануулах хэсэг ч гарлаа. Тэдгээрийн гишүүний нэг нь Та байсан. Эндээс агуулга нь өөр болохоос АН-ын 30 мянган төгрөгийн карт Соёлын яамны ваучер хоёр яг юугаараа ялгаатай юм бэ гэсэн асуулт гарч ирж байна л даа?
-Анзаарсан бол эрчим хүчний реформын асуудлаар С.Цэнгүүн гишүүн санаачилга гаргаад явсан даа. 103 гишүүн гарын үсэг зурсан байх аа. Яг түүн шиг хүүхэд рүү чиглэсэн санаачилгыг дэмжсэн юм. Бүх хүн хүүхдийн төлөө “За” гэж хэлэх ёстой шүү дээ. Санаж байгаа бол “Эх орон-Ардчилал” эвслийн үед анх “Хүүхдийн мөнгө”-ийг санаачилж байхад миний бие оролцоод явж байсан. Гол асуудал нь аливаа санаачилга хүүхэд, том хүн байхаас үл хамаарч зорилтод бүлэгтээ хүрдэг байх ёстой юм. Түүнээс хавтгайрсан халамжийн чиглэлээр явуулж болохгүй. Орлогод суурилсан халамж байх ёстой.
-ҮНЭНДЭЭ УЛ РУУГАА ЯВЖ БАЙНА-
-Төсвийг танах, үргүй зардал хэмнэх асуудлаар хангалттай дуугарч эсэргүүцэх хангалттай хүч УИХ дахь АН-ын бүлэг, тэнд харьяалагддаг 42 гишүүнд бий. Уг нь өнгөрсөн найман жилийг эс тооцвол энэ удаад хүчтэй сөрөг хүчин онцгой эрхийг сонгогчид АН-д өгсөн. Гэтэл Хамтарсан Засгийн газарт гүйгээд орсон нь АН-ынхан өөрсдөө. Ийм нөхцөлд төсвийг хэмнэх асуудал хоёр, гуравдахь байтугай мянга дахь асуудал юм биш үү. Та гэхэд УИХ дахь бүлэг дотроо цөөнхийн цөөнх хэмжээнд дуу хоолойгоо хүргэж байна?
-Найман жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхиор засаглалаа. Монгол бол Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орон. Дэлхий нийтээрээ бусад улс орныг дүгнэж, дүнгээ тавиад байж байдаг. Авлигын индексээр гэхэд Сьерра Леон, Шри Ланка, Беларусь дайн дажин, дарангуйллын тогтолцоотой шахам улсын хойно яваа. Ардчиллаас ноцтой ухарч байгаа долоон улсын нэг боллоо. Засаглалын индекс нь бас л хойгуур. Хэвлэлийн эрх чөлөөгүй улсын категорид орлоо. Уг нь Ардчилсан Намын эсвэл Ардын Намын Монгол Улс гэж байхгүй. Улс төрийн намын эцсийн зорилго олон нийтийн төлөө, улсын хөгжлийнхөө төлөө байдаг. Тэрхүү боломж нь үнэхээр гарахгүй байна.
Дахиад дөрвөн жил МАН үнэмлэхүй олонхиор засаглавал дээрх үзүүлэлтүүд хаашаа очих вэ? Төрийн албаныхны хэлж заншсанаар ул руугаа очно. Үнэндээ ул руугаа явж байна. Нөгөө ардчилсан тогтолцоо маань яах юм. Ардчилсан хувьсгал хийсэн үзэл санаа, үнэт зүйл нь юу болох юм. Гол үзэл санаа нь чөлөөт эдийн засаг, хувь хүний эрх, эрх чөлөө шүү дээ. 1990 онд бидний шилжиж орсон тогтолцоо тийм. Түүгээрээ 34 жил замнаж байгаад буцаж ухраад дарангуйлал руу шилжвэл хайран болно.
Тэртээ тэргүй АН өнгөрсөн найман жилийн хугацаанд сөрөг хүчин хийсэн үү, хийсэн. Үнэхээр дийлээгүй. Төр гэдэг хаалттай хаалга руу ерөөсөө нэвтэрч чадаагүй. Дотор нь юу болж байгаа нь мэдэгдэхгүй бүрхэг шилний цаанаас харж ирсэн. Шүүмжлээд, хаалгаа онгойлгооч гэхээр огт тоохгүй. Ийм нөхцөлд ажиллаж байхын оронд ядаж хаалгаар нь оръё. Болж бүтэхгүй байгаа юмыг дотроос нь шийдье. Баруун төвийн үзэлтэй намын хувьд хувийн хэвшлээ хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэдээ хөгжүүлье, хавтгайрсан халамжийг багасгая гэдэг утгаараа хамтарсан. Тэр ч утгаар нь дэмжсэн.
-Гэхдээ бодит байдал арай өөр дүр зурагтай байх шиг байна?
-Харамсалтай нь, АН-ын бодлого, үзэл баримтлал хэрэгжиж байгаа эсэх нь үнэхээр бүрхэг болчихлоо. Түүний илрэл нь ирэх оны төсөв. Төрийн дарамтыг арилгана, хувийн хэвшлээ дэмжинэ, данхар төрөөс татгалзана гэж бичсэн атлаа ачир дээрээ тийм биш байна. Тэр нь Төсвийн төслөөс харагдаж байна. Амаараа нэг зүйл ярьчихаад гараараа өөрийг үйлддэг юм байна гэдгийг мэдэж авлаа. Эсэргүүцэж байгаа шалтгаан маань ч энэ. УИХ дахь намын Бүлгийн тухайд байр суурь өөр байгаа. Надтай адилхан бодолтой хүмүүс бол бий. Хүчтэй сөрөг хүчин болъё гэсэн хэсэг ч байна. Байдал ийм байвал хамтрах хэрэг байна уу гэж хэлэх зарим нь ч байна. Уг нь Бүлгийн зүгээс Төсвийн төслөөр зарчмын санал авахад холбогдох байр сууриа илэрхийлсэн. Тэгэхдээ бүхэлд нь буцаах саналыг гаргасан юм. Яг дүгнэлт гаргахын өмнөхөн болсон үйл явц.
-Дэмжлэг хүлээгээгүй гэсэн үг үү?
-Тийм болохоор Бүлгийн дүгнэлтэд тусгаагүй. Хэрвээ бүгдээрээ дэмжсэн бол өөр дүр зураг буух байсан. Чуулганы хуралдааны дараа Бүлгийн даргатайгаа уулзаж, хэлсэн. Ингээд цаашаа явах юм уу, Монгол Улсыг хорлох хэмжээний төслийг хүлээн зөвшөөрөх юм уу гэдгийг хэлсэн. Магадгүй Бүлгийн даргаас ч хамаарахгүй асуудал цаана нь явааг үгүйсгэхгүй. Тиймээс нам харгалзахгүй ижил “сүрэг”-үүдтэйгээ нийлэхээс өөр аргагүй болсон юм.
-Бүлэг дотроо эсрэг байр суурьтай байгаа гишүүд нь ил гараад ярих боломжгүй байгаа хэрэг үү?
-Ямар шалтгаан, учиртай байгааг нь мэдэхгүй. Ёстой сайхан төсөв боллоо гээд алга ташаад суух нь бүгдээрээ биш байх. Нэгдүгээрт, УИХ гэдэг бол мэтгэлцээний талбар. Хоёрдугаарт, УИХ-д байгаа зорилго нь юуны төлөө юм. Улс эх орны хөгжил дэвшлийн төлөө биз дээ. Хэлэлцэж байгаа хуулийн төсөл болгон дээр үзэл бодлоо илэрхийлж, анхаарал хандуулж ач холбогдол өгөх ёстой биз дээ. Ялангуяа төсөв тойрсон асуудлаар. УИХ гэдэг чинь ерөөсөө төсөв юм байна. Зүгээр нэг цаас, тоо мэт боловч ар дээр нь Монгол Улсын хөгжлийн суурь яваа.
Ирэх жилүүдийн прогноз явж байна. Түүндээ суурилаад төсвөө гаргах ёстой байдал бүх юм нь алдагдаж байна. Нэг юманд үнэхээр гайхаж байна. 126-уулаа болчихоод байхад иймэрхүү далд хэлбэрийн, гишүүд нь мэдээлэлгүй шахам явж байна гэдэг нь бүх юм хаалттай байхаас аргагүй. Бид өргөсөн тангарагтаа л захирагдаж явах ёстой. Өөр юунд ч биш.
-ХЭНТЭЙ Ч НЭГДЭХЭД БЭЛЭН-
-УИХ-ын гишүүд төсөв тойрсон асуудлаар мэдээлэлгүй гэхээсээ төсөлтэйгөө огт танилцаагүй магадгүй сонирхолгүй байгаа юм биш үү?
-Холбогдох хуульд дэвшилтэд шинэлэг зүйлийг оруулсан нь төсөвтэй танилцах хугацааг тавиу байдлаар тавьж өгсөн. Өмнө нь жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүдэд тараагаад араас нь баталдаг байсан. 126 гишүүнтэй парламент бүрдсэний дараа Төсвийн тогтвортой байдлын болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахдаа буцааж аравдугаар сарын 1 болгох тухай яриа яригдсан. Азаар гишүүд эсэргүүцэж байж шинэчлэлээ хэвээр үлдээсэн. Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сар хүртэл хугацаа байна уу гэвэл байна. Хугацааны хувьд бол байгаа. Харин танилцах сонирхолгүй байгаа эсэхийг мэдэхгүй.
Төсөв хэлэлцэж батлахад оролцохгүй юм бол өөр юунд үүргээ гүйцэтгэх юм. Мэдээж өөр чухал асуудал байгаа л байх. Гэхдээ хамгийн гол юм нь төсөв. Бидний мөнгө биш шүү дээ. Татвар төлөгчдийн үсээ зулгааж, махаа идэж байж хураалгаж байгаа мөнгө. Нэр нүүрээ барж байж гадаадаас зээлж, олж ирсэн мөнгө. Түүндээ хүү төлж байна. Иргэдийн халааснаас гарч байгаа болохоор хамгийн хариуцлагатай хандах ёстой юм. Нөгөө талаар Төсвийн төслийг уншаад, уншаад хангалттай мэдээлэл байна уу гэвэл алга.
-Яагаад?
-Жишээ нь, 15 тэрбум төгрөгийг яг юунд зарцуулах нь заримдаа тодорхойгүй байна. Зүгээр л байгууламж гээд тавьсан 50 тэрбумын төсөв байна. Ямар байгууламж, яг юу юм гэхээр мэдээлэл байхгүй.
-Уг нь тодорхой, нээлттэй байх нь наад захын шаардлага?
-Гайхаад л байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хуулиараа нэг хуульд өөрчлөлт оруулахад маш олон юмыг бэлтгэдэг юм билээ. Наад зах нь тооцоо судалгаа. Төсөвт ямар дарамт учруулах, нийгэм, эдийн засгийн нөлөө нь юу байх зэргээр. Нэг заалтыг өөрчлөхийн тулд тооцоо нэхээд байна шүү дээ. Гэтэл Монгол Улсын төсөвт яг юу хэрэгжүүлэх гээд байгаа талаар нарийн тооцоо задаргаа нь алга. Хөгийн ойлгохгүй юм их байгаа шүү. Мэдэхгүй байж болно. Гэхдээ өөрийн хэмжээнд Сангийн яам руу хүртэл албан бичиг явуулсан. Бүр жагсаалт гаргаж байгаад явуулсан.
-Хариу нь юу гэж ирсэн юм бол?
-Огт ирээгүй.
-УИХ-ын гишүүний албан бичигт хариу тайлбар ирүүлэх хуулийн зохицуулалт байдаг байх аа?
-Уг нь тийм. Аравдугаар сарын 15-нд явуулсан хүсэлт. Ёстой л нийгэм, эдийн засгийн үр нөлөө, тооцоолол нь юу юм гэдгийг тодруулахыг хүссэн юм.
-Энэ тохиолдолд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайдаас шууд асуух эрх нь танд байгаа?
-Тэр байтугай юм асууж амжихгүй байна аа. Асууж эхлээд удалгүй микрофон хаагддаг юм. Үг болгондоо хэлдэг шүү дээ. Анзаарсан бол асуух юм их байна аа гэж байгаад асуудаг. Цаана нь олон юм үлддэг. Тийм болохоор Байнгын хорооны хуралдаанаар “тэнэж” явдаг юм. Тэгсэн ч цаана нь олон асуулт үлддэг. Мэдээж чуулган дээр асууна уу, өөр хаана асуух нь сонин биш. Асууж мэдэх нь чухал учраас албан тоотоор асуугаад хариу ирээгүй. Заримдаа улсын нууц гээд хэлж өгдөггүй.
-Өмнөх жилүүдийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр өнөөдрийнх шиг олны анхааралд оруулсан нь үгүй. Та бүгдийн хувьд цаашдаа тодорхой асуудлаар байр сууриа нэгтгээд явах уу? Эсвэл зөвхөн төсвөөр дамжуулсан богино зайны улс төр, акц хийснээр хамтрах дуусгавар болох уу?
-Үгүй байх гэж найдаж байна. Төсөв ямар юм гэдэгт олон нийтийн зүгээс ч анхаарал хандуулаад эхэллээ. Тэгэхээр олон нийтийн хараа хяналтаас зугтах ямар ч гарц байхгүй. Тэдний эрх ашгийн хамгаална гэж УИХ-ын гишүүн болсон учраас түүнийхээ төлөө явна. Зөвхөн бидний дөрвөн гишүүнээр энэ нь хязгаарлагдахгүй. Зарим гишүүн хэлж байна лээ. Ийм ноцтой байсан юм бол хэлэхгүй яасан юм гэсэн агуулгаар хандаж байгаа сураг байсан. Гэхдээ бусад гишүүдэд мэдээлэл өгөх үүрэг бидэнд огт байхгүй. Юуны төлөө есдүгээр сарын 1-нд Төсвийн төслийг хүргүүлсэн юм. Өөрсдөө уншиж судлаад болохгүй, бүтэхгүй юмыг гаргаж ирээд дуугарч, зарчмын зөрүүтэй саналыг дэмжээд явах байсан. Цаашдаа бурууг эсэргүүцэж, зөвийг дэмжих гишүүдийн тоо улам нэмэгдэх байх гэдэгт ёстой өөдрөгөөр харж байгаа. Миний хувьд улс орон, иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хэнтэй ч хамаагүй нэгдэхэд бэлэн.
-ХУЙГААР НЬ ХАМАХ НЬ-
-Төсвийг энэ хүрээд азная. Таны хувьд дипломат албаны чиглэлээр яам, УИХ-ын Тамгын газарт багагүй хугацаанд ажилласан юм билээ. Ер нь гадаад орчин дахь Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулагчдын итгэл ямар түвшинд яваа бол. Энэ Засгийн газраас тодорхойлсон хөгжлийн гол бодлогод 14 мега төсөл багтсан. Үүнээс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалаар баталгаажууллаа?
-Гадаадын хөрөнгө оруулалт үнэхээр хэрэгтэй юу гэвэл тийм. Бусад орны хөгжлийг харахад гадаадын хөрөнгө оруулалт дээр тулгуурласан байдаг. Хятад улс ч мөн адилхан. Монгол Улс ч энэ асуудлыг чухалчилж, тэр чиглэл рүүгээ явах ёстой. Мэдээж энэ хүрээнд зээл, тусламж аваад байх шиг байгаа юм. Гэхдээ зээл гэдэг хүүтэй, хугацаатай, эргэж төлөх ёстой дүн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл юунд үндэслэдэг юм гэхээр Монгол Улсын өнөөгийн байгаа байдал.
Хэн нэгэнтэй хамтарлаа гэхэд бүрэн судалдаж байж эцсийн шийдвэрийг гаргадаг. Үүнтэй адилхан. Гэтэл хөрөнгө оруулагчдад тийм ч таатай нөхцөл Монгол Улсад алга. Эхний ээлжид төсвөө хар даа. Төсөв нь яаж батлагдаж байгааг, Төр нь хэр данхар буйг, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулдгийг хөрөнгө оруулагчид манаад, хараад сууж байдаг юм. Урсгал зардал нь нийт зарлагынхаа 72 хувийг эзэлж байна. Монгол Улсын эдийн засгийн 72 хувь нь Төр дээр явж байна гэсэн үг.
2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг уншиж байхад нэг ноцтой заалт байсан. Тэр нь гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл, арга хэмжээний тайланг төсвийн ерөнхийлөн захирагч нар нь ирүүлдэггүй гэсэн байна лээ. Нэг ёсондоо тайлагнадаггүй гэсэн үг. Тухайн төслийн хүрээнд хийсэн барилга, байгууламж, үйлдвэр нь эргээд хэн дээр бүртгэлтэй байгаа нь асуудалтай. Үүн шиг ноцтой юм гэж байх уу. Гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хүний хувьд гаднынхны итгэлийг олж авах, даана гэдэг өөрөө хариуцлага.
Итгэлийг нь олж аваад мөнгө авчихлаа. Хөрөнгө оруулалт татчихлаа. Гэтэл эргээд иймэрхүү байдлаар найдваргүй байвал дахиж хөрөнгө оруулалт орж ирэх үү. Тайлангаа өгддөггүй гэдэг нь өөрөө авлигын индекст нөлөөлдөг. “Транспэрэнси Интернэшнл”-ийн тайланд тодорхой бичсэн байдаг. Гадаадаас авсан зээл, тусламж болон гэрээ, хэлцэл хийснийхээ тайлан тооцоог хийдэггүй нь тэдний итгэлд сөргөөр нөлөөлдөг. Ард нь авлига явдаг гэсэн сэдэл төрүүлдэг учраас индекс нь доошоо ороод байгаа юм. Ийм нөхцөлд Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд хараад сууж байгаа. Тэдгээрийн дүгнэлтэд нийцүүлж гадаадын хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргадаг. Сүүлд Олон улсын валютын сангийн Ажлын хэсэг ирж ажиллахдаа дүгнэлт гаргасан, аравдугаар сарын 1-нд.
Тэнд дурдсанаар төсвөө тэлэх биш хумиач ээ гэсэн. Тэгэхгүй бол макро эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Инфляц уруудна шүү. ДНБ-ий өсөлт буурна шүү. Ирэх онд эдийн засгийн өсөлт 7.5 хувийн байгаа нь 2026 онд зургаа, 2027, 2028 онд тав руу унана гэсэн прогноз бүхий судалгаа, шинжилгээг Олон улсын валютын сангаас хийгээд өгчихсөн. Тэр бүх тоог харж байгаа гадаадынхан хөрөнгө оруулах эсэхээ шийднэ.
-Олон улсын хоёр ч томоохон агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+”, тогтвортой ангилал руу оруулж, зэрэглэл ахиулсан байгаа шүү дээ?
-Тэр бол үүрдийн, мөнхийн юм биш. Маш амархан хугацаанд буцаанд доошлох боломжтой. Сая бол экспортод гаргадаг нүүрсний биет хэмжээ их байлаа. Үнийн хувьд ч өндөр байлаа. ДНБ-ний хэмжээ өслөө гэж үзээд зээлжих зэрэглэлийг сайжруулж байгаа юм. Гэтэл буураад эхэлбэл дахиад л бууруулна.
-Хөрөнгө оруулагчдад баталгаа болж чадахгүй хэрэг үү?
-Чадахгүй. Б.Жавхлан сайд хэлээд байгаа, 10 их наядын зээл байна гэдгийг. Хэн, хэзээ, ямар нөхцөлтэйгөөр авсан юм бүү мэд. Тэгснээ хэрэглэхгүй байгаа ч юм шиг. Ашигласан зээлдээ хүү төлнө. Ашиглаагүй зээлдээ бол хураамж төлнө. Өнөөдрийг хүртэл яагаад ашиглаагүй юм гэдэг асуулт гарна. Тэгэхээр зээлжих зэрэглэл дээшилсэн нь баярлах зүйл биш. Гол нь үзүүлэлт болгох юм ердөө биш. Гурван хүн тутмын нэг нь хэчнээн жил ядуу явсан юм гэдэг нь гол үзүүлэлт. Бараг 10 жил явлаа. ДНБ-ний хэмжээ 4000 гаруй ам.долларт 10 жил явлаа. Жил гаруйн өмнөөс тав руу хүрлээ. Аль аргачлалаар нь тооцоод 5000 руу хүргээд байгаа юм гэдэг нь бас л асуултын тэмдэг. Хар ухаанаар ярихад үнэхээр 4-өөс 5 мянга руу хүрсэн бол иргэдэд ирж байгаа өгөөж нь төдий чинээ нэмэгдэх ёстой биз дээ. Гэтэл тийм юм алга. Инфляцдаа идэгдэж явсаар Венесуэлын араас орно.
-Зээлийн асуудал дээр гэхэд АН эрх барьж байхдаа босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-оос эхэлдэг. Урт хугацаандаа хэрэгжүүлэх мега төслүүддээ зарцуулах ёстой байтал улстөрчид нь мэдээлэлд ойр байдлаа ашиглаад хамаарал бүхий компанидаа хувааж авсан асуудал үүссэн. Энэ нь даамжирч явсаар санхүүжилт олгосон Хөгжлийн банкны нийт активын 53 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэнээр улс дефолтод оруулах эрсдэл рүү түлхэж байсан шүү дээ. Нөгөө талаас хувийн хэвшил, чөлөөт зах зээлээ хамгаалах, татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх нь АН-ын мөрийн хөтөлбөрийн туг нь байсан цаг саяхан?
-Татвараа бууруулаач ээ, аж ахуйн нэгжүүд сөхөрлөө гэдэг асуудлаар АН-ын гишүүд хангалттай дуугарсан. Б.Жавхлан сайдын хариу нь болохоор энэ жилдээ боломжгүй гэсэн. Ямар ч байсан энэ дөрвөн жилийн хугацаанд татварыг заавал бууруулах ёстой. Нэг аюултай юм нь ирэх оны төсвийг яаж бүрдүүлэх гэдэг нь эргэлзээтэй.
-Татвараар...
-Татвараар л бүрдүүлнэ. Гэтэл ард түмэн үнэхээр цөхөрчихсөн байна. Нийгмийн даатгалын шимтгэл компаниудад 500 орчим тэрбум төгрөгийн өр байна. Тэрийг шууд авах нь л дээ. Хуйгаар нь хамах нь. Аргаа бараад л төлж чадахгүй яваа. Эсвэл орлогоо гүйцээхийн тулд татвараа нэмэх юм уу.
-Нөгөө талд экспортын хэмжээ байгаа?
-Нүүрсний үнэ биднээс огт хамаарахгүй. Тухайн импортлогч орны бодлоготой холбоотой. Тухайн улсын эдийн засгаас хамаарна. Алаагүй байвгаан арьсыг хуваана гэдэг шиг байж болохгүй. Тэгэхгүй бол төсөв бүрдэхгүй. Тийм тохиолдолд ямар ч тооцоо судалгаа байдаггүй юм билээ. Хувь хүн найман нэрийн дэлгүүр барилаа гэхэд тооцоо гаргана. Дорж, Дондогоос зээлийг тэгж авна гэх зэргээр. Хэрвээ тэд зээлээ өгөхгүй бол яах юм. Өөр арга замыг хайна. Түүнээс зүгээр нүдээ аниад байшин барьдаггүй.
-2025 оны Төсвийн төслийг хэт өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн гэж хэлэх гээд байна уу?
-Ингэж улс орноо хорлож болохгүй. Аль ч утгаараа өөдрөг бусаар, орлогын доод хэмжээгээр төсөөлөх ёстой юм. Орлого талдаа ганцхан нүүрсэнд найдаж болохгүй. Биет хэмжээгээр гаргаж болох ч үнэ хямд бол ямар ч аргагүй.
-НАМ ӨӨРӨӨ ЖАНЖИХ ШУГАМАА БАРИХ ЁСТОЙ-
-Дээгүүрээ Засгийн газарт хамтарсан мөртлөө замын дундаас хувийн тоглолт хийлээ гэсэн шүүмжлэл, шахалт Таны хувьд ирж байх юм уу. Д.Энхтүвшин гишүүнд гэхэд намаас хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байх шиг?
-126 гишүүнтэй парламентын Анхдугаар чуулганы үеэр Ерөнхий сайдад хандаж байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, Та АН-ыг урьсан. Хэрвээ энэ нь бүтэлгүйтвэл хэн хариуцлага хүлээх юм. Та л хүлээнэ шүү гэсэн. Тэр утгаараа АН-ын хүсч байгаа зүйлийг хийгээсэй гэсэндээ дэмжсэн. Гэхдээ парламент бол тусдаа. Хууль тогтоох байгууллага гэдгээ бодлогын мэтгэлцээн өрнүүлэх ёстой. Тэр зарчмаараа л яваа.
Зөв байвал түүнийг нь дэмжээд явна. Одоо бол юм болгонд дуугарсаар байгаад ядарч байна. Засаглалын амин сүнс нь төсвөө яаж хуваарилах юм байна. Үүнийг зарим нь ойлгохгүй попорлоо гэж яриад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Тэглээ гээд ямар нэгэн шахалт ирсэн зүйл алга.
Ардчилсан Нам бол Ардчилсан Нам. Ер нь маш ардчилсан шдээ. Хэзээ ч, хэний ч дуу хоолойг хорьдоггүй. Буруу, зөрүү юм бурж байсан бол яая гэх вэ. Гэхдээ нэг ч буруу юм бурж байгаагүй болохоор намайг хорих эрх байхгүй.
-Анхнаасаа Ерөнхий сайдын урилгаас татгалзаад сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай гүйцэтгээд явсан бол магадгүй өнөөдрийн шиг дүр зураг бий болохгүй байсныг үгүйсгэхгүй?
-Тэгэхийг үгүйсгэхгүй. Хашир хүн гэдэг хаширсан хүнийг л хэлдэг. Тооны асуудал үүснэ. Найман жил гаднаас нь сөрөг хүчин хийгээд юу өөрчлөгдөв, юу ч өөрчлөгдөөгүй. Миний хэлээд байгаа зүйл нь гацсан төслүүдээ хамтраад явуулъя гэж байгаа юм. Ингэхэд ер нь хэн гацаасан юм. Үнэмлэхүй олонхиор, парламентын 85 хувийг бүрдүүлчихээд хэнийг гацаасан гээд хэнд гомдоллоод байгаа юм. Хийвэл хийж болох хангалттай хугацаа байсан. Ерөнхийлөгчийн санаачилсан Нефть боловсруулах үйлдвэр байна. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахад зээлийн шугам нь нээгдсэн. Түүнээс хойш 10 жил болох гэж байхад яагаад хийгээгүй юм. Хэн саад болсон юм.
-Төмөр замын төслийг гацаасан автор нь танай намд харьяалагддаг гэдгийг хүн болгон мэднэ. Алдагдсан боломжийн өртөг нь 80 их наядаар хэмжигддэг...?
-Тийм ээ, тийм. Ний нуугүй хэлэхэд сайн, муу нийлж сав дүүрдэг. Хувь хүн нь муу, сайн байхыг үгүйсгэхгүй. Гол нь нам өөрөө жанжих шугамаа барих ёстой. Үзэл баримтлал, үнэт зүйлээ үргэлж дагах ёстой. Түүнийхээ хүрээнд үйл ажиллагаа, үйлдлээ хийх ёстой. Тэр нь төсвөөр илэрнэ.
-Дэд сайдын орон тоог буцааж сэргээнэ гэсэн яриа яваад эхэлсэн байна лээ. Хэр бодитой мэдээлэл юм бэ? Үнэхээр оруулж ирлээ гэхэд Таны хувьд дэмжих үү?
-Надад тийм мэдээлэл алга. Зарчмын хувьд улстай харьцуулж үзье. 46 сая хүн амтай, манайхаас 13 дахин их Аргентин улс 22 яамаа ес болгож цөөлсөн. 46 сая хүн амтай улс есхөн яамтай үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл 3.5-хан саяулаа байж яахаараа 22 яамтай байдаг юм. Төр данхайх, том байх тухай ойлголт дахиад эндээс илэрч байна. Уг нь Хамтарсан Засгийн газар яамныхаа тоог буулгаж болох байсан. Ер нь орон тоо нэмэх асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр Төрийн албан хаагчийн тоо нь хэд билээ.
Бүгдээрээ үүнийг цөөлнө, цомхон болгоно гэж амалж орж ирчихээд аанай л нөгөө төсөвт 130 мянган Төрийн албан хаагчийн цалингийн тухай асуудлыг оруулж ирсэн. Би асуусан даа, 4000 хүн дахиад нэмэгдчихэв үү гэж. Хаанаасаа дахиад 4000-ыг гаргаад ирэв. Эсрэгээрээ цомхон, чадварлаг болгох ёстой биш гэж үү. Энийгээ л хийх ёстой юм. Тэгж байж Хамтарсан Засгийн газрын жинхэнэ реформ болно. Үнэхээр цомхон, чадварлаг бүтэцтэй болбол тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг хангалттай өг л дөө. Аргентиний жишээг судал л даа.
-Буцаад Дэд сайдтай болох асуудалд эсрэг байр суурьтай байна гэж ойлголоо?
-Өнөөдрийг хүртэл Дэд сайдгүй үйл ажиллагаа явуулаад болоод л байна шүү дээ. Дэд сайдгүй гээд сүйрсэн яам байхгүй л байгаа биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
С.Гандөл