Н.Учрал: Намуудын саналд үндэслэж Засгийн газраас төсөл боловсруулсан

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд, нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгажээ.

Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Улс төрийн намын тухай хууль 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг тэрбээр онцлоод, гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль, 10 дугаар сард орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох, сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хурал, Засгийн газрыг эмхлэн байгуулах зэрэг улс төрийн олон үйл ажиллагаа дараалсан учир намын дүрэм журмыг шинэ хуульд нийцүүлэх боломж хомс байсныг дурдлаа. Улсын дээд шүүхэд нийт 37 нам бүртгэлтэйгээс Улсын Их Хурлын 2024 оны  ээлжит сонгуульд 22 нь, орон нутгийн сонгуульд 12 нь  оролцсон байна.

Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан. Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заажээ. Ийнхүү улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсэж байна гэж Засгийн газар үзжээ.

Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэмдэглэж, энэ шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа Улсын Их Хуралд суудалгүй болон Улс төрийн намын тухай хуулийн 27.3-д заасан нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан байх нөхцөлийг хангаагүй намуудад боломж хязгаарлагдмал байна гэлээ.

Иймд шинэчлэн бүртгүүлэх хугацааг хойшлуулах талаар Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв намаас санал ирүүлснийг харгалзан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар улс төрийн намууд дүрмээ хуульд нийцүүлэн шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулах бодит хэрэгцээ шаардлага, намуудын байр суурь ямар байгааг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар энэ талаар намуудаас гаргасан шаардлага, түүний агуулгын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хугацааг хойшлуулснаар намууд дүрмээ шинэчилж, бүртгүүлэх нөхцөл бүрдэх эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа одогийн байдлаар хэдэн нам дүрмээ өөрчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн тухай, хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагын дагуу боловсруулсан, эсэх, энэ өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд заасан намын санхүүжилтийн талаарх зохицуулалтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх эсэх, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10-т заасан зохицуулалттай нийцэж байгаа эсэх, хуулийн зарим зохицуулалтыг хойшлуулах бодит хэрэгцээ шаардлага бий эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлд заасан хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01 болгож өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Л.Мөнхбаатар нар нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж шинэчлэн батлахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хугацааг эргэн харах нь зүйтэй талаар, чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан хугацааг урагшлуулах боломжийг судлан үзэж хэлэлцүүлгийн үед өөрчлөх боломжтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэгжилтэд анхаарч, хугацаа алдахгүйгээр хуулийг хэрэгжүүлж, улс төрийн намын шинэтгэлийг хийх нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хуулийн төсөлд зааснаас урагшлуулж, боломжит хугацаагаар тогтоох нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулахыг дэмжихгүй талаар саналаа илэрхийлжээ. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ.