Д.Амарбаясгалан: УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна
Хуулийн сүүдэрт нуугдсан хүнд суртлыг халах нь!
Монгол Улс 2001 оны хоёрдугаар сард анх удаагаа Зөвшөөрлийн тухай хуулиа “эх барьж” байв. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нэртэйгээр. Үүнээс хойш өнгөрсөн 21 жилийн хугацаанд нийт 69 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр дорвитой шинэчилж чадаагүй 2022 онтой золгосон юм. Энэ хугацаанд 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор хуульчилсан ч нийт зөвшөөрлийн тоо албан бусаар 1600 орчим болж нэмэгдсэн байдаг. Үндсэндээ Засгийн газар болон ИТХ-ын тогтоол, яам, агентлагийн тушаал, Засаг даргын захирамж зэргээр зөвшөөрлийн агуулга мөн шат дамжлага даруй найм дахин өссөн гэсэн үг. Хуулиас давсан журам гэж онцолж бас тодотгож ирсний шалтгаан энэ.
Хуулийн шаардлага, шалгуур бүрэн хангасан материал нэг шатанд очоод унадаг, бүр буцаадаг, бусад хоёроос гурван байгууллагын тодорхойлолт, санал дүгнэлт шаардах нь энүүхэнд эрүүл бус тогтолцоо саяхныг хүртэл Монголын Төрд байлаа шүү дээ. Байлаа гэдэг нь нэр бүхий гишүүдийн санаачлан 2022 оны зургаадугаар сард УИХ-аар батлуулсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дээрх 1600 орчим зөвшөөрлийг бараг дөрөв дахин бууруулж 360 болгосон байдаг. Гэвч 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн шинэчилсэн найруулга бодитоор хөрсөн дээр буусан уу гэвэл үгүй. Эсрэгээрээ хуулиас давсан журам өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор ирснийг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн нь саяхан. Өнөөх сайд, Засаг дарга нарын тушаал, захирамж нэрийн доорх хуулиас давсан журмыг хэлээд байгаа хэрэг.
Уг нь хууль бол хууль. Цагаан дээр хараар юу гэж бичсэнийг жирийн иргэн байтугай сайд, дарга бүр улсын Ерөнхийлөгч ч биелүүлэх үүрэгтэй. Үүнд цэг, таслал нь ч хамаатай юм шүү. Хачирхалтай нь, санаатай юу эсвэл санамсаргүй байдлаар хуулийн шинэчлэлээ үгүйсгэж, баллуурдсан гажиг арилаагүй явсныг Хэрэг эрхлэхийн дарга зориуд гэрэл цохиулсан хэрэг. Улмаар Зөвшөөрлийн тухай хуулийг давсан хэм хэмжээ бүхий шийдвэрүүдийг цуцлах үүргийг холбогдох яамдын сайд нарт өгсөн нь түрүүчээсээ албажиж эхэлжээ. Н.Учрал сайдын онцолсноор хуульд тусгасан 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 нь журам хэлбэрээр зохицуулагддаг аж. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан гэсэн үг. Үүгээр зогсохгүй 360-аас илүүгүй байхаар хуульчилсан зөвшөөрөл өнгөрсөн хугацаанд 16-гаар нэмэгджээ.
Энгийнээр хэлэхэд хуулийн хэрэгжилт үндсэн агуулгаасаа гажиж өнөөх Төрийн хүнд сурталд бизнес эрхлэгчид боомилуулах нөхцөл хэдийнэ бүрдсэн нь энэ. Ганцхан жишээ дурдахад цэцэрлэг барихын тулд 93, эмийн сан ажиллуулахад 138 шат дамжлага дамжих шаардлага үүсчээ. Кофе шоп, хүнсний дэлгүүр, ресторан, үсчин гоо сайхан, фитнес нээж ажиллуулахын тулд 15 чиглэлд 145 шат дамжлага давж байж үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах жишээтэй. Яг үнэндээ ийм олон шат дамжлагыг давж гараад бизнес хийх хүн өнөөдөр Монголд хэд билээ? Эцсийн сонголт нь аль нэг Төрийн байгууллага, даргын үүд сахих. Тэдгээрийг шийдвэрлэх цаг хугацаа нь мэдээж урт. Дуншиж явсаар ганц зөвшөөрөл авахын тулд бүтэн жил тойрох нь ч энүүхэнд. Эдийн засаг, цаг хугацааны хувьд ч асар хохиролтой.
Зөвхөн нийслэлд гэхэд зөвшөөрөл нэрийн дор 145 төрлийн бүртгэлийн систем бий болсон нь иргэдэд нэмэлт дарамт учруулах болсон байна. Уг нь иргэддээ дарамт учруулах биш дэмжих нь ардчилсан эрх зүйт Төрийн үндсэн чиг үүрэг. Гэтэл зөвшөөрөл нэрийн дор хуулиас давсан журам баталж түүгээрээ иргэд, бизнес эрхлэгчдийнхээ нурууг авах нь яав ч шийдэл бас дэмжлэг биш. Янаглан хорлож буйтай агаар нэг үйлдэл. Гагцхүү Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга нь өөрөө гардан гүйцэтгэж эхэлснээс зарим нааштай шийдвэрүүд гарч эхэлсэн бололтой. Ямар ч байсан Байгаль орчин, амьсгалын өөрчлөлт, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалт, Эрүүл мэнд гэсэн гурван ч яамны сайд хуулиас давсан журмаа цуцаллаа. Нэмээд хоёр ч яамны сайд бодит байдлыг хүлээн зөвшөөрч, зарим тушаалаа хүчингүй болгов. Аймгийн Засаг дарга нар ч ар араасаа захирамжаа цуцалж байна.
Нэг үгээр, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөсөө өнөөдрийг хүртэл ундуй, сундуй, хяналт нь сул явсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн албан ёсоор “амь” орох нь цаг хугацааны л асуудал боллоо. Дэвшил үү, дэвшил! Санаж байгаа бол “Бизнест ээлтэй Монгол” санаачилгын хүрээнд Ерөнхий сайдаар ахлуулсан Шуурхай штаб долоо хоног бүр бизнес эрхлэгчидтэй уулзаж тулгамдсан асуудлыг сонсож, Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцүүлдэг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрөв. Энэ хооронд хамгийн ихээр хөндөгдөж буй асуудал нь зөвшөөрөл тойрсон хүнд суртал.
Уг нь хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглаж, хүнээс хамаарах хүчин зүйлийг аль болох бууруулж, цахимжуулах нь эл хуулийн нэг зорилт. Угаас зөвшөөрлийн харилцааны хамгийн чухал нь ил тод байдал. Тэр нь цахимжилт. Ингэж байж Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, авлига, албан тушаалын гэмт хэрэг үүсэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын хуралдааны үеэр ч Н.Учрал сайд хэлсэн байна лээ, “Зөвшөөрөл олголтын процесс, шат дамжлага их, цахимжилт хангалтгүй, Төрийн байгууллага ач холбогдолгүй бичиг баримт шаарддаг зэрэг хүндрэл, дутагдлууд байна” гэдгийг. Үүнийг шийдэхийн тулд нэн тэргүүнд эрсдэлийн үнэлгээнд суурилсан зохицуулалтын шинэчлэл хийж, зарим төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх шаардлага бийг ч хэлсэн удаатай. Оргүй ч юм биш. Үнэхээр мэргэжлийн холбоод нь байсаар байтал Төр заавал зөвшөөрөл олгоно гэж муйхарлах нь эцсийн дүндээ хүнд суртал, авлигыг гааруулна уу гэхээс лав бууруулж, баллуурдахгүй.
Ямартай ч, хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалт Ерөнхий сайдын сонорт хүрч, тэдгээрийг цэгцэлж, тэдгээрийг хүчингүй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу. Эсрэгээрээ Зөвшөөрлийн хуулийн сүүдэрт өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор буй авлига, хүнд суртлынхаа хөшүүрэг болсон хуулиас давсан журмуудыг “оношилж”, тэдгээрийг хүчингүй болгох зүй ёсны шаардлага үүссэний илрэл юм.
Г.Эрхэс

