С.Даваасүрэн: Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан

Агаарын хийнд хордсон байж болзошгүй 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн юм. Эдгээр шинжилгээний нэгдсэн хариу гарсныг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээллийн эхэнд болсон үйл явдалтай уялдуулан ямар арга хэмжээ авч ажилласан талаар танилцуулсан юм. Тухайлбал, аравдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Нийслэлийн Онцгой комиссын штаб байгуулжээ. Үүнд нийт 98 хүн ажилласан бөгөөд сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн байна. 

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн: Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Ингэхдээ стандартуудыг мөрдөж буй эсэхийг шалгахад нэр бүхий айлуудаас авсан шахмал түлшний дээж нь чийглэг нь стандарт хангасан. Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой гэхэд 23-24 байна. Хүхэр нь 1 буюу түүнээс бага байх ёстой бол 0.95-1.04 байна. Илчлэг нь 6,000 буюу түүнээс дээш гарчээ.

Угаарын хийнд хордсон айл өрхийн хэрэглэж байсан түлшний дээж болох Тавантолгой түлшний хоёр үйлдвэрээс дээж аван АМГТГ-ын лабораторид шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарлаа.

Гаалийн төв лабораторид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн.Иргэд сайжруулсан түлшинд химийн бодис агуулагдсан, түүнээс болж хордлоо гэсэн мэдээлэл гарч байна.

Тэгвэл сайжруулсан түлшинд хэрэглэсэн цардуул нь химийн бодис биш. Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан. Органик цардуулыг хэрэглэхэд угаар гардаггүйг эрдэмтэд нотолсон байдаг. Нэг хашаанд хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр байхад, нөгөөх айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Энэ бол хэрэглээнээс үүсэж байна. Иргэд маань сайжруулсан түлшээ зөв техникээр хэрэглэхгүй бол болзошгүй тохиолдол гарч мэдэхээр байна

  Ж.Батбаясгалан : Стандартыг баталсан байдаг ч иргэд маш олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа. 

ж батбаясгалан зурган илэрцүүд

 Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 -Цаашид сайжруулсан түлшийг хэрэглэж болох уу?

 -Монгол Улсад мөрдөж буй MNS:56792019 стандартын дагуу сайжруулсан хатуу түлш хэрэглэж болно гэж хууль тогтоомжид заасан.

 -Иргэд угаартсан нь хэрэглээний горим алдагдсантай холбоотой гэх хүмүүс байна. Мөн шахмал түлш хэрэглэхэд угаар мэдрэгч заавал байх ёстой гэж байгаа. Энэ талаар та тайлбар өгнө үү?

 -Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хийхдээ хоёр чиглэлд анхаардаг. Нэг нь инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудал, нөгөөх нь иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа. Учир нь нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь төвийн шугамд холбогдоогүй, өөрийн галлагаа болон халаалтын системийг ашиглаж байна. Хэдийгээр стандартыг баталсан байдаг ч иргэд маш олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа.

Тиймээс түүндээ сайжруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагууд аравдугаар сарын 1-нээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Цаашид иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байх талаар бүх шатны урьдчилан сэргийлэх ажил хийж байна.

  -Илчлэг 6,000 ба түүнээс дээш гэж байна. Энэ нь стандартаас илүү гарч байгаа юм бишүү?

 -Шинээр батлагдсан стандартад түлш нь 4,200-гаас буухгүй гэж заасан.

 -Сайжруулсан түлш нь зуухтайгаа хэрхэн уялдаж байгаа вэ?

 -Хоёр төрлийн сайжруулсан зуух бий. Ахуйн хэрэглээний бүх түвшинд нийцдэг. Харин ямар үндэслэлээр айлд хордлого гарав гэдгийг судалж байна.