Нялх биетэй найздаа туслах Зуугий багшийн зөвлөгөө

"Найзуудынхаа чанарыг мэдье гэвэл төрөөд гэртээ суу" гэдэг үг гарсан байхыг харлаа. Гэтэл тэр постны доор “Харин тиймээ найзуудын чанар танигдлаа барьлаа” гэсэн сэтгэгдлүүд бүр олон байх юм.Тэгвэл би одоо та бүхэндээ Америкт амьдрах хугацаандаа хэрхэн төрчихсөн байгаа найзынхаа сайн найз байх тухай сурч авснаа хуваалцая.

Би яг бодож л сууна л даа. Төрсний дараа Монголд мэдээж нэг сар бараг гадны хүн гэрт оруулж энээ тэрээ болгодоггүй. Нэг сар болсны дараа харин найзууд ээж болон нялх хүүхэд дээр очдог. Очихдоо мэдээж гарын бэлэгтэй. Хүүхдэд ихэнхдээ живх гэх мэт хэрэгтэй зүйлс. Харин ээжид тортой чихэр жимс... Бүр компот, чоко паая, сүү оруулах баахан пичень, өө бүр набор энэ тэр хүртэл явж байна. Гэхдээ хамгийн гол нь төрсөн ээж нар түүнийг чинь идэхгүй.

Бас эх хүүхдийг эргэж очихдоо буцаад дайлуулах ёстой юм шиг асуудал гаргаж байхыг зөндөө ч бас харлаа. Гүй ш дээ. Тэд таныг цай ч үгүй гаргасан ч тэдэнд буруу байхгүй. Өрөөлийг байтугай өөрийнхөө өмнөхөө тантар тунтар янзлаж, хоногийн нойроо авч дийлэхгүй яваа улсаас хоол ундгүй, арчаа муутайхан ээж болж байгаа юм байнадаа гэсэн үгс гарсныхаа дараа бие биерүүгээ хэлэлцээд авна. За ингэж нэг найз нэрээр ганц ирээд ерөнхийдөө хүүхдийн нэг насны төрсөн өдөр хүртэл бараг л үзэгдэхгүйдээ. Би нэг иймэрхүү сайн найз байлаа! Ингэж л төрсөн найзуудыгаа эргэж явлаа!

За Тэгэхээр энд би юу сурч авсанаа одоо сийрүүлье. 11 сарын 15нд хамгийн сайн найз маань төрж бяцхан хүүтэй болов. Харин түүнийг төрөхөөс өмнө бид бүгдээрээ хуваарь гарган хүн бүр өөрийн боломжтой өдрөө хоол хүргэж өгөхөөр болов. Бас ямар хоол байвал зүгээр болохыг найз маань төрөхөөсөө өмнө бидэнд бэлтгээд өгчихсөн байсан. Тэр найз маань аль болох цагаан хоол идэхийг боддог болхоор мах багатай талдаа бол сайн.

Миний амардаг өдөр даваа гариг учраас би ямартай ч нялх хүүхдийг хоёр сар хүртэл нь долоо хоног бүрийн даваа гаригийг тэмдэглээд өөрийн болгоод авав. Би даваа гаригийг авчихсан гэдэг нь хүн бүрт харагдана. Найз маань ч гэсэн намайг ирэхийг мэдэж байгаа. Тэр найз маань намайг ирж байгаа гээд хоол унд бэлтгэх шаардлагагүй. Ер нь юу ч хийх шаардлагагүй. Зарим үед ядраад унтаж байна гэж нөхөр нь хэлэхэд хийсэн хоолоо орихоод л гардаг. Тэр хүнд хэдэн минутын нойр ч гэсэн чухал шүү дээ.

Би хамгийн эхний өдөр очихдоо найз маань мах муу иддэг болхоор төмстэй, луувантай, байцаатай бас тахианы махтай банш хөлдөөгөөд аваачиж өгсөн. Мөн хэрчсэн гурил, татсан мах бас дуртай пичень. Миний очих өдөр бүр халуун шөл уугаасай гэсэндээ өглөө эрт босож сайхан шөл хийгээд халуунаар нь тогоотой нь машиндаа тавиад л гараад давхичихдаг. Очих үед унтаж Байкал гэрийг нь цэвэрлэж, хувцасыг нь эвхэж, тоосыг нь арчаад өгдөг. Бас өөрөө тайван унтаг гээд хааяадаа хүүхдийг нь тэвэрч саатуулна. Би зүгээр  нэгэн биш. Би бол сайн найз. Найзынхаа хамгийн хэцүү бас ядарсан үед нь ямар ч хариу нэхэлгүйгээр би туслах ёстой. Ёс төдий бус харин үнэхээр үнэн сэтгэлээсээ.

Зарим хүмүүс хүүхдийг сар болтол гадны хүн орж болохгүй л гэх байх. Заавал ороод хүүхдийг үнсэж үнгээд ээжийг татаж босгоод яриад ядраагаад байх шаардлагагүй. Чимээгүйхэн ороод гэр орныг нь янзлаад хэрэгтэй зүйлсийг нь дэлгүүрээс зөөгөөд халуун шөл хийж тавьчихаад гарахад л болно. Ердөө долоо хоногийн нэг өдрийн үсрээд л гуравхан цаг шүү дээ.

Би төрснийхөө дараа үнэхээр ганцаардах үед найзууд маань надад тусалсан. Ядраад уйлаад ганцаараа туйлдах үед хүмүүс надад яаж туслаасай гэж хүсэж байсныхаа адилаар одоо найздаа туслаж байна.

Бүсгүйчүүд маань сайн найз гэдэг энэ эрхэм нэрээ эмэгтэйчүүдийн хамгийн хүнд үе болох төрсний дараах үед нь харуулж, сайн найзаа хамгийн ихээр асраарай. Та заавал мөнгөтэй байх шаардлагагүй. Зүгээр сэтгэлтэй байхад л болно. Төрсний дараа хүнд мөнгө биш сэтгэл хэрэгтэй байдаг юм байна лээ. Бөөнөөрөө нийлээд төрөх гэж байгаа найз байгаа бол уулзаад төрснийх нь дараа ямар хувиараар яаж хэн хоол хийхүү энэ тэр гээд сайхан хуваарь гаргаад явчихаж болно.

Зарим хүмүүсийн хувьд аав ээжтэйгээ амьдардаг тэдгээрээр асруулдаг байх гэхдээ нөхөр ажилдаа яваад гав ганцаараа гансраад ядраад суух ээжүүд илүү олон байгаа.Эцсийн эцэст төрж, үр хүүхдээ гаргаж өсгөдгөөрөө бид л энэ үед ямар хэцүү гэдгийг мэднэ шүү дээ!

Бие биеэ хайрлая!

                                                                                                   Б.Гэрэлчимэг