Ц.Даваасүрэн: Агаарын бохирдлыг ирэх онд 70 хувь хүртэл бууруулж чадна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “Оюутолгойн гэрээний хүрээнд болж өгвөл цаг алдахгүй л байх хэрэгтэй. Дубайн гэрээний асуудал байна. Энэ гэрээг Их хурлаас өгсөн чиглэлийн дагуу шийдэх ёстой. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг сайжруулах асуудал чухал байна. Нийгмийн хүлээлт их байна. Бидэнд яагаад хохиролтой байна гэхээр манай хөрөнгө оруулалтыг зээлээр өгчихсөн асуудал байгаа юм. Зээл төлж байгаа хүүгийн хэмжээ Монголд төлж байгаа татвараас өндөр байдаг. Тиймээс үүнийг шийдэх ёстой.

 

Станцын асуудал бий. Жил гаруй хугацааны өмнө Рио Тинто, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл үүнд идэвхтэй байр суурь гарахгүй байна. Аль болох бултаж байна. Тухайлбал, станцаа салхины станц болгодог юм уу, аль болох цаг хожих байр суурьтай байгаа учраас Тавантолгойн станц барих гэрээний асуудал удааширч байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д үйл ажиллагаа эхэлснээс дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авна гэж заасан. Хуульд заасны дагуу 2017 оны долдугаар сарын 1 гэхэд Монголоос эрчим хүчээ авах ёстой байсан. Энэ онд Оюутолгой руу 330 квт эрчим хүч татсан. Гэтэл Оюутолгой 220 квт-ийн эрчим хүчтэй холбож өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэсэн үг” гэв.

 

Мөн “Налайх, Багануурын дулааны цахилгаан станц үнэ тарифын асуудлаас болж хүнд байдалд байгаа нь үнэн. Учир нь нэгж дулааныг 10 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 2700 төгрөгөөр зардаг. 7000 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа станц яаж өөрийгөө авч явах юм бэ. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үнэ нэмбэл дахиад л үнэ өсгөлөө гэж иргэд бухимдана шүү дээ. Тиймээс шийдвэр гаргаж чадахгүй байх шиг байна. Уг нь станцаа явуулахын тулд татаас өгөх нь зүйтэй.

 

Нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Бид нүүрс түлж цахилгаан үйлдвэрлэдэг . Хэрэв нүүрсний үнэ нэмэгдвэл дагаад цахилгааны үнэ нэмэгдэхээс өөр аргагүйд хүрнэ. Хуулийн дагуу хариуцах газар нь Эрчим хүчний зохицуулах хороо учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ үнэ өсгөх байдлаар үйл ажиллагааныхаа ашгийг нэмэгдүүлэх зүйл байж болохгүй гэж бодож байна. Учир нь саяхан Эрчим хүчний зохицуулах хороо тарифыг нь өсгөж өгсөн юм билээ.

 

Сайжруулсан түлш боловсруулах хоёр дахь үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах, ямар технологиор хийх үү гэдэг асуудалд анхаарч ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах гол арга зам бол шахмал түлшний технологио сайжруулах. Хэрэв сайжраад, хангалт нь нэмэгдчихвэл өнөөдөр 50 гаруй хувь буурч чадсан агаарын бохирдол ирэх онд 70 хувьд хүрч чадна” гэлээ.