Б.Билгүүн: Уйлахгүйг хичээн биеэ барин зогсох эхнэрээ хараад “Удахгүй Монголдоо очно оо” гэж хүүдээ шивнэсэн

БНХАУ-ын Ухань хотод тархсан шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй түгэж байгаатай холбогдуулж Монголын Засгийн газраас тэнд суралцаж байгаа 31 оюутныг татах хүсэлтийг тус улсын Гадаад хэргийн яаманд хүргүүлснийг хүлээн авсан билээ. Энэ дагуу МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн бямба гарагт Ухань хотоос 31 оюутан, нэг хүүхэд нийт 32 иргэнээ авчирч ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа билээ. Тэдний төлөөлөл болох Б.Билгүүнтэй цахимаар холбогдож ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр эхнэр, хүүхдийн хамт Вуханиас ирсэн юм.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач. Ямар чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНХАУ-д суралцдаг юм бол. Тэнд суралцаад хэдэн жил болж байгаа вэ?

-Намайг Баяраагийн Билгүүн гэдэг. 28 настай. БНХАУ-ын Ухань хотын Төв Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Эдийн засгийн сургуульд Хүнд аж үйлдвэрийн эдийн засаг мэргэжлээр магистрын зэрэг горилон суралцаж байна. Энэ жил төгсөх курсын оюутан. Дөрөв дэхь жилдээ Ухань хотод суралцаж байна. Манай эхнэрийг Р.Болорцэцэг гэдэг. Хамт суралцдаг. Мэргэжил нь менежментийн мэргэжлээр магистраар сурдаг. Бас төгсөх курсын оюутан.

-Хүүхдээ хэзээнээс Уханьд аваачсан юм бэ?

-Өнгөрсөн есдүгээр сард Монгол ирээд буцахдаа Вухань руу хүүхдээд агуулан явсан юм. Хоёулаа төгсөх курсын оюутан учраас судлах хичээл нь дууссан байна. Хоёулаа судалгааны ажлаа бичиж байсан болохоор ээлжилж хүүхдээ харах боломж, бололцоо гарсан. Тиймээс хүүгээ өөрсөд дээрээ өсгөх хэрэгтэй гэж үзсэн.

-Шинэ төрлийн коронавирусийн халдвар анх гарсан тухай мэдээллийг ямар шугамаар мэдсэн бэ? Тухайн үед ийм төрлийн вирусийн халдвар тархаж эхэлснийг яаж мэдээлсэн байдаг юм бол?

-Шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар анх нэгдүгээр сарын 9-нд Хятадын мэдээний суваг CCTV 13 телевизийн мэдээнээс олж мэдсэн. Ухань хотын Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл гаргасан байсан. Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа ард иргэдээс илэрч байгаа учраас ард иргэдийг болгоомжтой байхыг сануулсан.

-Вирусийн голомт гэгдэж байгаа Ухань хотод сурч, амьдарч байсан хүний хувьд тухайн мэдээллийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өвлийн амралтынхаа нэг сарын хугацааг ашиглаж диплом болон судалгааны ажлаа бичиж дуусгах зорилогоор тэнд үлдсэн. Манай сургуулийн хувьд өвлийн амралт албар ёсоон нэгдүгээр сарын 9-нд эхэлсэн. Анх уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа тархаж байгаа тухай сонсоод хүүхдээ болон өөрсдөө гэрээсээ гарахгүй байхаар шийдсэн.

Харин нэгдүгээр сарын 18-наас уг өвчнөөр өвчилсөн хүний тоо эрс нэмэгдсэн байхыг хараад айж сандарсан. Тиймээс өвчний талаар илүү дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл уншсан. Улмаар Ухань хотоос хүүхдээ хурдан авч нутаг буцах хэрэгтэйн байна гэж бодсон. Нэгдүгээр сарын 18-нд шийд гаргаж буцах билет авах гэсэн боловч тухайн үед Хятадын Цагаан сарын баяр болж таарсан. Онгоц болон галт тэрэгний билет олддоггүй. Гэр бүлийн хүнтэйгээ эрчимтэй билет хайсны эцэст 23-ны өглөө Бээжин явах онгоцны билетийг захиалж чадсан.

Ингээд гэрээсээ огт гарахгүй Монгол буцах бэлтгэлээ хийгээд байж байтал 23-нд Вухань хотод хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Бид гурвын захиалсан билет автоматоор буцаж, мөнгө нь орж ирсэн.

-Вирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн талаар мэдээлэл өөрт тань болон гэр бүлийн хүнд нь яаж туссан юм бол. Жишээ нь, онц байдал зарлаад хөл хорио тогтоож эхлэхэд..?

-Нөхцөл байдал илүү хүндэрч байгааг ойлгоод 23-нд өөрөөө маск давхарлаж зүүгээд битүү хувцаслаж, гэртээ хамгийн ойрхон байрлах супермаркетаас хүнс хоолоо нөөцөлсөн. Нөөцөлсөн хоолоороо Монгол руу нүүлгэн шилжүүлтэл гэрээсээ гаралгүй гэртээ хүлээсэн.

Онц байдал зарласны дараа Вухань хотын засаг захиргаанаас онцын шаардлагагүй бол гадагшаа гэрээсээ гарах хэрэггүй. Гараа тогтмол угаах, маск тогтмол зүүх, хоолоо сайн идэж сайн унтаж амрах, халуун буцалсан ус сайн уух зэрэг зөвөлгөөнүүдийг хүргэсэн. Бас онгоц болон тусгай машинаар агаарт ариутгалын бодис цацсан.

-Онц байдал зарлах үеэр ар гэрийнхэнтэйгээ шууд холбоо барьсан уу. Юу гэж захьсан бэ?

-Онц байдал зарласан болохоор гэрийхэнтэйгээ шууд холбогдсон. Үүссэн нөхцөл байдлыг хэлээд эндээ гэрээсээ гарж чадахгүй нөхцөл байдал байгаагаа дуулгасан. Гэрийнхэн болон хамаатан, найз нөхөд таньдаг хүмүүс бүгдээрээ залгаж мессеж бичсэн. Гэрээсээ огтхон гарж болохгүй, сайн унтаж амрах хэрэгтэй. Хоолоо сайн ид, гэрээ маш сайн цэвэрхэн байлгаараа зэрэг зөвөлгөө өгч, сануулсан.

Ээж, аав, гэрийнхэн хүмүүс залгахад эхнэр маань уйлахгүй гээд биеэ барьж байгаа нь надад шууд анзаарагдсан. Түүнийг нь хараад хүүгээ тэврээд гал тогоондоо орж “Удахгүй Монголдоо очно” гэж хүүдээ шивнэсэн.

-Тэнд суралцаж байсан бусад оюутнуудтай хэрхэн холбоо барьж байв?

-Вухань хотод байсан Монгол оюутнууд wechat-аар групп үүсгэж хоорондоо мэдээлэл солилцсон.

-Онц байдал тогтоосон газарт байнгын анхааруулга, сэрэмжлүүлэг дунд амаргүй байсан болов уу? Нялх хүүхэдтэй хүний хувьд хүнд тусч байсан нь мэдээж?

-Хүүхэдтэйгээ хамт байсан болохоор нэн тэргүүнд янз бүрийн өвчин тусгачихгүй юмсан гэж санаа зовж байлаа. Агааргүй жижигхэн өрөөнд удаан байхаар хүүхэд хүчилтөрөгчгүй болчих байх гээд Монголоос авч очсон шингэн хүчилтөрөгчийн уулгасан. Хоол ундыг нь сайн өгсөн. Манай хүүхэд ид хөдөлгөөнд орчихсон үе нь болохоор юм юм руу гүйчих гээд л. Гарч, орж болохгүй болохоор жижигхэн өрөөнд удаан байх нь хүүхдэд хэцүү байсан.

-Монголоос Уханьд байгаа оюутнуудаа эх оронд нь авчрах шийдвэр гарсныг сонсоод юу бодогдож байв?

-Монголоос Уханьд байгаа оюутнуудыг эх оронд авчрахаар болсон мэдээг сонсоод үнэхээр их баярласан. Тэнд байсан бүх оюутнууд ямар сайхан мэдээ вэ гээд л хөөр баяр болсон. Ямар ч байсан Монголдоо ирчихсэн сайхан байна. Биднийг ирэхэд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

-Ар гэрийнхэнтэйгээ байнгын холбоотой байгаа юу. Эмнэлгийн зүгээс Та бүгдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Байнгын холбоотой байгаа. Эмнэлгийн зүгээс хоол унднаас эхлээд үйлчилгээ нь маш сайн байгаа.

-Эмнэлгээс гараад хамгийн түрүүнд хаашаа явахаар төлөвлөж байна вэ?

-Хамгийн түрүүнд ээж, аав хамаатан садантай уулзана даа. Биднийг Монгол Улсад авч ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МИАТ-ийн хамт олон, Гадаад харилцааны яам, Бээжин дэх Монгол Элчин сайдын яам, төр, засаг, ХӨСҮТ-ийнхэнд маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна.