НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
БНХАУ “Ковакс”-т гурван тэрбум тун нийлүүлнэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) БНХАУ-ын хөгжүүлсэн “Синовак” вакциныг яаралтай тусламжид ашиглахыг зөвшөөрлөө. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин юм. Уг вакцинд хамрагдсан хүмүүст сөрөг нөлөө илрээгүй бөгөөд 51 хувийг өвчнөөс урьдчилан сэргийлжээ. Хоёр тунт “Синовак” вакциныг БНХАУ, Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк улсад зөвшөөрсөн. Мөн 18-аас дээш насныханд тарихыг зөвлөдөг. Бразилд хийсэн судалгаагаар “Синовак” вакцин тариулсны дараа нас баралт 95 хувиар буурсан байна. Бразилийн 45 мянган оршин суугчтай Серрана хотын хүн амынх нь 75 хувийг вакцинжуулахад өвчлөгсдийн тоо, эмнэлэгт хэвтэх тохиолдол буурчээ. Гэхдээ ДЭМБ-ын шинжээчид вакцины зарим нотолгоо, мэдээллийн зөрүү дутагдалтайг онцолсон байна. Энэхүү вакциныг яаралтай тусламжийн жагсаалтад оруулснаар Коваксын санаачилгад түлхэц үзүүлнэ. ДЭМБ-аас вакцины хүртээмж, тэгш бус байдлыг арилгахын тулд үйлдвэрлэгчдийг Коваксын схемд оролцож, өгөгдлөө хуваалцаж, цар тахалтай тэмцэхэд хувь нэмэр оруулахыг уриалсан. БНХАУ Коваксын схемд зориулж 10 сая тун вакцин хандивлахаа зарласан бөгөөд жилийн эцэс гэхэд гурван тэрбум тун нийлүүлэх зорилт тавьжээ. Ердийн хөргөгчинд буюу 2-8 хэмийн температурт хадгалдаг нь “Синовак” вакцины давуу тал юм.