С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
А.Гансүх: ОХУ-ын Ерөнхийлөгчийн ойлголтыг өөрчлөх алхмыг эерэгээр шийдсэн
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх төрд зүтгэсэн он жилүүдийнхээ зах зухаас цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Түүний оруулсан нийтлэл /https://www.facebook.com/gansukh.amarjargal/posts/4233476490008538/-ийг толилуулъя.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар хийн хоолой дамжуулан барих тухай Монгол Улсын санал 2019 онд хэрхэн шийдэгдэв.
ОХУ нь дэлхийн байгалийн хийн том экспортлогч орон. Монгол Улс ОХУ болон БНХАУ-ын хооронд байршилтай улсын хувьд энэ хоёр том зах зээлийн дунд зуучлагч болж ашиг хүртэх бодлого явуулдаг. (Энэ тухай Parag Khanna ‘’Connectography’’ гэдэг номноос уншиж болно. https://www.paragkhanna.com/books/) Гэхдээ бэрхшээл бий. Учир нь ОХУ, БНХАУ хоорондоо шууд хиллэдэг учир тэр бүр Монголоор дамжуулан тээвэр хийх шаардлагагүй. Монголын төр засаг 1990 оноос хойш ОХУ-аас БНХАУ руу барих байгалийн хийн хоолойг өөрийн нутгаар дамжуулж барих хүсэлтийг хоёр хөршдөө бүх түвшинд тавьж ирсэн. Миний хувьд Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд, Зам, тээврийн сайд, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх байх үедээ төрийн өндөрлөгүүдийн олон удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд орж хоёр хөршид явахад энэ сэдэв байнга яригдаж, үр дүнгүй өнгөрч байв. Мэдээж олон шалтгаан байсан байх. Нэгдүгээрт, ОХУ-ын “Сила Сибири 1” төсөл дуусаагүй байв. Хоёрдугаарт, ОХУ-ын “Газпром” компани БНХАУ руу барих хийн хоолойг Монгол Улсын баруун хязгаараар барих боломжийг судалж үзээд сөрөг дүгнэлт гаргасан байдаг. Байгаль цаг уур, газарзүйн нөхцөл нь хүнд, өртөг ихтэй, цаашлаад БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нутгаар дайрч өнгөрдөг, тэр бүс нутаг нь үндэстэн хоорондын мөргөлдөөнтэй, тогтворгүй, мөн байгалийн дархан цаазтай нутгаар дайрч өнгөрөх нь асуудал үүсгэсэн байдаг.
Хамгийн гол нь ОХУ-ын төр засгийн удирдлага ийм том төслийн хувьд Монголд итгэх улс төрийн итгэлцэлгүй байсан гэж би хувьдаа боддог. Тэгж бодох ч үндэслэл бий...Яагаад гэвэл ОХУ-тай харилцах харилцаанд алдаа хийсэн байв. Манай төрийн удирдагчид төрийн дээд хэмжээний айлчлалаар тохиролцсон асуудлаасаа үргэлж буцдаг, хэрэгжүүлдэггүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин аргаа бараад 2010 оны аравдугаар сард ОХУ-д айлчилсан Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдтой албан ёсны хэлэлцээр хийж дуусаад “тохирлоо” гэж монголоор хэлж гар барьсан. Гэсэн ч тэр тохиролцоо хэрэгжээгүй. Тиймээс Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа бид хоёр хөршийн улс төрийн итгэлцэлийг сэргээхгүйгээр ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг судалж тогтоосон. Тэгээд юунаас эхлэхээ тооцож үзэв.
1. Монгол Улс, ЗХУ хооронд 1934 онд байгуулсан “Харилцан туслалцах протокол” дараа нь “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээ”- болж үргэлжилсэн үндсэн суурь гэрээний хорь хорин жилээр сунгаж байгаад 5 жилээр сунгах болсон байв. Энэ 5 жилийн сунгалтын хугацаа 2018 оноос эхлээд байв. Тодруулж хэлэхэд, эхний 5 жилийн сунгалт 2013 оноос эхлээд 2018 онд дуусаад дараагийн 5 жилийн сунгалтын хугацаа автоматаар эхэлсэн байв. Үүнийг бид хангалтгүй гэж үзсэн. Учир нь мөнхийн хөрш, уламжлалт найрамдалт хамтын ажиллагаатай, дэлхийн их гүрэнтэй байгуулсан суурь гэрээний хугацаа ийм байж болохгүй гэж үзэж энэ гэрээг “хугацаагүй” болгох нь зүйтэй гэдэг саналыг Оросын талд бүх шугамаар тавьсан.
2. Мөн ОХУ-тай стратегийн түншлэл тогтоосон байсан бөгөөд БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон нь харилцан адилгүй, хоёр хөрштэй тэгш харилцах зарчмийг алдагдуулсан байв. Тиймээс эдгээр асуудлыг ҮАБЗ-ийн болон Гадаад харилцааны яамны шугамаар санал тавьж идэвхтэй ажиллав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ч дэмжиж ажилласан болно. Улмаар 2018 онд БНХАУ-ын Циндао хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтаар Х.Баттулга Ерөнхийлөгч энэ саналыг албан ёсоор тавьж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дэмжсэн. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хооронд иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, хоёр улсын хооронд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-г “хугацаагүй” байгуулав. ОХУ-ын Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой ач холбогдол өгсөн бөгөөд цаашид Монгол Улстай холбоотой аливаа асуудлыг ярихдаа энэ гэрээ хугацаагүй байгуулагдсан болохыг байнга онцлон дурдах болсон.
3. 2019 оны 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нөгөө л байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дайруулах асуудлыг тавив. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин шууд л хариулав: “Газар зүйн нөхцөл нь хүнд, хэцүү юм байна лээ шүү” гэв. Хөндлөнгөөс дүгнэхэд түүнд энэхүү хийн хоолойг Монгол Улсын баруун хязгаар нутгаар л явуулах тухай ойлголт, мэдээлэл байгаа болох нь тодорхой бөгөөд тиймээс ч шууд л тэр хариултаа хэлэв. Түүний энэ ойлголтыг өөрчлөх алхмыг Х.Баттулга Ерөнхийлөгч хийснээр асуудал эерэг шийдэгдсэн гэж хэлж болно. Х.Баттулга ерөнхийлөгч Монгол Улсын газрын зургийг харуулаад “Энэ Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” компанийн төмөр зам. Энэ төмөр замаа дагуулаад хийн хоолойг барьж болно ш дээ” гэснийг Ерөнхийлөгч В.В.Путин ихэд анхааран сонирхож, “Үүнийг бид судалж үзье” гээд газрын зургийг авсан билээ. Энэ уулзалт 2019 оны 9 дүгээр сарын 3-ны мягмар гаригт болсон бөгөөд Путин ерөнхийлөгч Монголоос шууд Владивосток руу явж “Дорнын эдийн засгийн форум”-д оролцоод дараагийн 7 хоногийн эхний даваа гариг буюу 2021 оны есдүгээр сарын 9-ны өдөр “Газпром” компанийн Захирлын зөвлөийн дарга А.Б.Миллерт үүрэг өгснөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн асуудлаар улс төрийн шийдвэр гарч, тооцоо судалгааны ажил эхэлж, одоо ТЭЗҮ хийгдэж байна. Энэ төслийн ТЭЗҮ 2021 онд дуусна. Хийн хоолойн барилгын ажил 2022 онд эхлэх магадлалтай.
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан барих асуудлаар дараахь хэдэн нөхцлийн улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин улс төрийн шийдвэр гаргасан гэж үзэж болно.
1. Монгол Улсын санаачилгаар ОХУ-тай харилцах харилцааг итгэлцлийн хамгийн дээд түвшин болох “Иж бүрэн стратегийн түншлэл”-д хүргэсэн.
2. Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар ОХУ-тай найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг “хугацаагүй”-ээр шинэчлэн байгуулсан нь ОХУ-ын зүгээс алдагдаад байсан улс төрийн итгэлцлийг сэргээж, харилцааг цоо шинэ түвшинд гаргасан,
3. Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн төмөр замын дагуу хийн хоолойг явуулах айлын талын судалж үзээгүй хувилбарыг маш энгийнээр ойлгуулсан.
Ийнхүү асуудлыг шийдвэрлэсний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга, В.В.Путин Ерөнхийлөгчид хандаж “Та энэ ондоо багтаад манай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалыг хүлээж авна уу. Хийн хоолой мэтийн асуудлыг манай Засгийн газар хариуцдаг учир түүний айлчлал их чухал юм аа” гэж хэлээд зөвшөөрүүлсэн билээ. Энэ тохиролцооны дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан.
Жич: Энэ санамж бичгийн төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бид гурав хамтран бэлтгэсэн болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй багийн хамтын ажиллагаа байлаа.