У.Хүрэлсүх: Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болох шаардлагатай болж байна

УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж өнгөрлөө. Чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр "

Түүх давтагддаг нь эргэх хорвоогийн жам ёс бөгөөд түүнээс ялалт амжилт, ололт нээлт, бас алдаа завхрал, гэм нүгэл, азгүйтэл бүтэлгүйтэл аль алийг нь олж мэддэг учиртай. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, түүхч Агданбуугийн Амар: “Манай түүхийн сайн нь бидний багш, саар нь ч бас бидний багш юм шүү” гэж сургажээ.

Монголчууд бид эв эеийг эрхэмлэн, чин шударга хууль цаазтай, захирах захирагдах ёс журамтай, засаглан гүйцэтгэх чанд дэглэмтэй байсан цагтаа; бас эртний сударт бичсэнээр “Харах нүдээ ирмэс үл хийн, хавтгай чихээ дэрэн дээр үл тавин, магнайн хөлсөө уланд хүртэл дусааж”, чөмгөө дундартал зүтгэдэг, төр засах сүв нь нээгдсэн түшмэдтэй байсан цагтаа хүчирхэгжин мандаж хагарсан олноо хамтатган Их Монгол Улсаа байгуулж харъяат иргэдээ “Хөл хөсөр, гар газарт тавиулж ирсэн” гайхамшигт түүхтэй билээ.

Бас тийм цагтаа дэлхий нийтийг нэгэн гэр бүл мэт энх түвшин болгох агуу зорилгыг “Мөнх тэнгэрийн зарлигаар” гүйцээж, бөмбөрцгийн доторх тусгаарлагдмал амьдралын хана хэрмийг нурааж, Ази, Европыг холбон дэлхийн түүхэнд “Монгол хэв ёсны энхийн журам” буюу “PAX Mongolica”-г тогтоож, улс төр, соёлын шинэ харилцааг буй болгон, олон соёл уулзан огтлолцох, найрсан зохилдох дэлхийн түүхийн шинэ өрнөлийг эхлүүлж байсан түүхтэй билээ.

“Монголчуудын мандан бадралын үед анх Дэлхийн хэмээх ерөнхий ойлголт бий болсноор дэлхийн түүх үүссэн гэж үздэг” хэмээн Японы Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми 2006 онд монголчуудад ирүүлсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн байдаг.

 

Улаан залаат, хөх Монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, хичээн зүтгэх учиртай.

Хүн амын дийлэнх нь чинээлэг, дундаж, давхаргаас бүрдсэн улс нэгдмэл үнэт зүйлтэй өсөн дэвжих ирээдүйтэй, нийгмийн тогтвортой байдал нь хангагдсан өрсөлдөх чадвартай хөгжингүй улс болдог жамтай. Хөгжих, эс хөгжих нь тухайн улсын иргэдийн амьдралын чанарын төвшин, аз жаргалын болон өрсөлдөх чадварын индекс, дундаж наслалт, тэгш байдлын үзүүлэлт, дотоодын болон үндэсний нийт бүтээгдэхүүн коэффициентоор хэмжигддэг болсон. Монголчууд бид өнөөдөр эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн улс орны дунджаас доош төвшинд эрэмбэлэгдэж байна. Иймээс улс орноо ойрын 30 жилдээ багтаан дэлхийн хөгжингүй орны төвшинд хүргэж нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралын чанараар Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болгох томоохон зорилгыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна" гэлээ.