Миний алаг дэгдээхэй

Нар ташиж, уулын сүүдэр унахаас өмнө манай хотны хүүхдүүд голын сайраас хормойлж ирсэн алаг чулуугаар адуу малыг орлуулан тоглоно. Үзүүр ирмэггүй бөөрөнхий чулуудыг хурдан морь болгон уралдуулж, морио түрүүлгэсэн нэгэндээ бусад нь  хамгийн гоё өнгийн чулуудаа бэлэг болгон өгнө. Хэдэн өдөр ийн тоглоод түүж ирсэн чулууд дуусахын үест ахиад л Тээл голынхоо сайр луу жирийлгэнэ. Энэ удаа миний адуун сүрэг бусдаас түрүүлж дуусав. Өглөө босоод тугалаа жаазнаас нь гаргаж бэлчээчихээд Тээлийн голынхоо сайр луу тоодон бор дээлээ өмсөөд харайлгалаа. Өмнө нь ганцаар явж байгаагүй болохоор ч тэрүү голын цаад модтой уулнаас ямар нэгэн амьтан гэнэт гараад ирвэл яана аа! гэж бодсон ч Мөнгөө, Жанчив хоёрын хормойлж ирсэн адуун сүргээс дутахааргүй олон гоё чулуудыг түүж ирэхсэн гэх бодолд дийлдэж өдөржин тогоруу шиг л тонгос тонгосхийн сайранд өнжив өө. Энд ч гоё, тэнд ч гоё чулуу харагдаж бүгдийг нь эргүүлж тойруулж, хормойлж явахдаа өнөө орой чулуудаа гэртээ оруулж хонохгүй бол миний хурдан мориноос Салхин хээр, Хилэн хар хоёр алга болчихсон  байсан. Хэн нэг нь лав чимээгүй аваад нуучихсан байх. Сургууль эхэлж  сум руу явсны маань дараа тоглох гэж бодсон нь тэр байх л даа хэмээн аль л хол газар өнхөрч болох мөлгөр бөөрөнхий чулуудыг шилж түүсээр явлаа.

Гэтэл гэнэтхэн хажууханд жив, жив гэх хөгжүүн цэлмэг дуу сэтгэл зүрхийг цочооход өнгийн харав. Үрсээ дагуулсан лам шувууны торгомсог ганган цувааг өмнө нь би үүд хоймрын зайнаас харж байсангүй. Сонсох нь ээ эх шувуу нь үр шувууддаа дуу, шүлэг заах мэт жиргэх нь соньхон. Жив, жив үрсээ дагуулж яваа хөөрхөн цувааг хамгийн ойроос харна гэдэг манай хотны хүүхдүүдийн хэнтэй ч таарч байгаагүй ховор нандин дүр зураг гэлтэй. Цувааг гайхан харж сониучирхан зогсох зуур нэгэн адын бодол дотор цагиргалаад ирэв. “Энэ олон дэгдээхэйнээс нэгийг нь өөрийн болгож аваад, хөөрхөн үүр хийж өгөөд, өдөр болгон хооллож, нэр өгч, хамт тоглож сургуульд орохоор явахдаа цүнхэндээ хүртэл хийгээд очвол мөн чиг гоё доо. Мөнгөө, Жанчив хоёр над шиг дэгдээхэйтэй болно гэж ямар их мөрөөдөх бол гэхээс  өнөөх бодол улам амь орж сэтгэл зүрх нэвт хатгах шиг болж өдөржин хормойлсон өнгийн чулуудаа сархийтэл нь асгаад цувааны зүг гүйлээ.

Намайг голын сайраас тийн хар гүйхээгээрээ амьсгаадан очихын бараанаар дэгдээхэйнүүд үймэлдэж нааш цааш сандралдан дуугарч, эх шувуу нь айж балмагдан, цочин зугтавч үрсээ тайтгаруулах гэсэн шиг бөндөгнөн хий дэмий л бүлтэгнэж,  өмнөөс далавчаараа цамнах аядаад, ухарч тойрч эргэлдэв. Эх үрсийг үймж сандарган хүзүү алаг нэгэн дэгдээхэйг ижил олноос нь салган гэрийнхээ зүг тууж явахдаа хөөр баяр гэдэг цээжний савыг голох мэт ээ. Хүзүү алаг дэгдээхэй маань “ээжээ, ээжээ” гэж дуудаад байх шиг жив, жив дуугарах нь баярлан хөөрөх сэтгэлийг минь үл мэдэг намжаана. Эх нь үрээ дуудан, дуудан үлдэхдээ бусад дэгдээхэйнүүддээ хорогдон, урагдан үлдэв.

Хүзүү алаг дэгдээхэй маань надаас зугтан бүлтэгнэвч, нисч чадахгүй дэмий л дороо айж сандчин ийш тийш бултах гэж оролдоно. Дэгдээхэйгээ тууж гүйсээр тугалын жаазны наанахантай ирвэл дүү маань тосон ирлээ. Би олс, уяаны зүйл хэрэгтэй байгааг дүүдээ зангахад дүү гэр лүү харайлгав. Дүү ч бас учиргүй баярлаж дээр дээр дэгдсээр гэрт ороод Чой ахад хэлж орхиж. Алаг дэгдээхэй маань бүлтэгнэж тугалын жааз  мөргөх шахаад эхийгээ дуудна. Энэ үед би түүнийг өрөвдлөө. Өрөвдөхдөө урд нь өөр амьтныг тэгж өрөвдөж байгаагүйгээр өрөвдлөө. Тэгээд намайг ч бас ээжээс минь булаагаад явчихвал би хичнээн ихээр уйлж, ээж маань намайг ямар чангаар дуудах бол гэдэг бодол төрөв. Хэтээсээ буцаагаад өгчихье. Ээжийд нь хүргэж өгье. Ингэж бодсон намайг алаг дэгдээхэй рүүгээ алгаа дэлгээд ойрттол алд хар сүүдэр толгой дээрээс дарах шиг болж сохор элээ миний дэгдээхэйг шүүрч аваад нисчихлээ. Араас нь би зөндөө уйлав. Миний алаг дэгдээхэйг эргүүлээд өгчихөөч гэж зөндөө гуйв.

“Ээжээ, ээжээ” гэх шиг жив жив дуугарч байсан түүнийг ижил олноос нь салгаагүй бол юунд ингэж элээний хоол болгох билээ дээ гэж бодохоос уйлахад хоёр нүд багадам санагдаж өвдөг бохирон суун тусав. Элээний барааг тасран тасартал нулимстай нүдээр харж зогсохдоо миний алаг дэгдээхэйг төмрийн зоргодос шиг хурц махир сарвуугаараа чанга атгаж байгаадаа гэхээс сэтгэл минь дэгдээхэйгээ гуйж байсан лам шувуу шиг санагдав. Би ертөнцийн хамгийн муу хүүхэд болжээ. Чой ах давхиж ирээд нойтон шилбүүрээр намайг тас, няс хийтэл ороолгон тууж явав. Би шилбүүрийн хуйванд биш дэгдээхэйнийхээ л араас харамсаж уйлсаар харьсан юм.

Тэр цагаас хойш өнгийн чулуу харах тоолонд, лам шувуудын дууг сонсох бүртээ “нүгэлт амьтан” гэх бодол дотор зурдаг боллоо. Хожим энэ явдлыг ижийдээ бүр нэг зориг гарган, нүглээ наминчлан ярьвал “Миний хүүгийн алаг дэгдээхэйг ижийд нь аваачиж өгөх гээд сохор элээ аваад явчихсан байхаа даа” гэж билээ. ЭХ ХҮН ГЭДЭГ ҮРЭЭ ЗӨВТГӨЖ ЧАДДАГ ХОРВОО АЖ.

Ай миний алаг сэтгэл, ай миний АЛАГ ДЭГДЭЭХЭЙ.

/МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Н.Минжинсайхан 2017 он/