С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Амьдралын гүн далайг хайраар сэлүүрдэж, итгэлээр жигүүрлэсэн хос
Арван жилийн сурагчийн ширээнээс амьдралаа холбож, хувь заяаны хэлхээгээр алаг үрсийн аав, ээж болж, жаргал зовлон ээлжлэн эргэлддэг хүмүүний орчлонд хоёр биесээ түшиж, хороогийн шаргал наран, бор хоногуудыг хайраар дүүрэн үдэж яваа залуу хосуудын төлөөлөл болох Б.Ижилбаярын гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа урьсан юм. Түүний халамжит ханийг Б.Анхцэцэг гэдэг. Хоёр хүүхдийн аав ээж болсон тэд их хотын нэгэн дүүрэгт нам гүмхэн аж төрдөг.
Өрхийн тэргүүн Б.Ижилбаяр багын юм хадгалах дуртай хүү байж. Хүний өгсөн бэлэг сэлт, тэр ч бүү хэл чихэр жимсээ хураана. Ихэртэйгээ хамт хадгалж, хуримтлуулсан зүйлсээ хоёр ахдаа алдчихдаг байсан гэнэ. Тэрбээр “Ихэртэйгээ хамтдаа хүүхэд насаа дурсамж дүүрэн өнгөрүүлсэн. Манай гэр Долоон буудалд, харин сургууль Сансарт. Гэр, сургууль явах замд адал явдал ихтэй. Физик, хөдөлмөр, зураг зүйн хичээлдээ сонирхолтой. Инженер болох гээд мэргэжлээ сонгож байлаа” гэв.
Б.Анхцэцэгийн хувьд даруухан дуу цөөтэй, аавын амин хайртай охин үр. Эмээ нь багш учраас нэгдүгээр ангид орохдоо уншиж, бичээд сурчихсан байв. Монгол хэлнийхээ хичээлд сонирхолтой. 97 сургуульд 10 дугаар ангидаа шилжиж, ирээдүйн ханьтайгаа нэг ангид суралцжээ. Жилийн дараа Б.Ижилбаярын хажууд суудаг охин шилжсэнээр тэд нэг ширээнд суух болов. Хувь заяаны холбоосоор хамтдаа сууснаар бие биенээ шохоорхож эхэлсэн ч хэлж зүрхэлдэггүй байснаа дурсан ярилаа.
Б.Анхцэцэг гоё нүдтэй, гартай хүүг шинжихийн зэрэгцээ ширтэнэ. Зургийн хичээлдээ сонирхолгүй тул хичээл орохоор өөр газар сууна. Үүнийг нь мэддэг тул Б.Ижилбаяр дэвтрийг нь булааж авч, гэрийн даалгавар болон хичээл дээр зурах зургийн өмнөөс нь зурна.
Харин Б.Ижилбаярын анхны харцанд алаг нүдтэй үсээ цагаан боолтоор боочихсон охин ангийн хаалгаар орж байсан одоо ч түүнд тодхон санагддаг байна. Арван жилдээ бие биенээ нууцхан харж, хайрладаг байсан ч хэн хэндээ хэлж зүрхлэхгүй төгсчээ.
Хоёр биенээ нууцхан хайрладаг байсан тэд амьдралын алтан босгыг алхаж, өөрсдийн зам мөрийг хөөв. Нэг хэсэг хичээл, сургууль шинэхэн оюутнуудын холбоо тасарчээ. Гэтэл нэгдүгээр курс төгсдөг зун Б.Ижилбаяр гэнэт чат бичиж, байснаа бас л чимээгүй алга болов. Энэ талаар Б.Анхцэцэг хэлэхдээ “Би гайхаад байсан. Тэгсэн гэрийнхэнтэйгээ хамтдаа аяллаар явж, сүлжээ нь орж, гараад байсан юм билээ. Өдөржин шөнөжин чат, мессеж бичилцэнэ. Нэг өдөр “Надтай үерхээч” гэж гуйхад бодож байж хариу өгнө гэж байлаа. Ингээд бид 2014 оны аравдугаар сарын 6-нд үерхэж эхэлсэн, олон сайхан дурсамжтай түүх хамтдаа бүтээлцэж явна” гэсэн юм.
Хайраа илчилж, сайхан хариу авсан залуу өдөр нь уулзсан хэрнээ орой нь “Түр гараад ирээч” гэнэ. Уулзахаар очиход том улаан алим барьчихсан “Ээж гэрийнхэнд бүгдэд нь нэг алим өгсөн. Би өөрийнхийгөө чамд өгөх гээд гараад ирлээ” гээд инээмсэглэн угтана. Энэ үйлдэл нь Б.Анхцэцэгт хайр төрүүлэхээс гадна хамгийн ихээр догдлуулдаг байжээ.
Б.Ижилбаяр эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг. Хайрт ханьдаа нэг ч удаа муухай үг хэлж үзээгүйгээс хүмүүжилтэй айлд өссөнийг нь гэрчлэх мэт. Амьдрал болсон хойно ам зөрөх асуудал хаа нэг гарах ч ярилцаж, аливааг ухаалгаар шийдвэрлэж, хүндэтгэлтэй хандсаар ирсэн байна. “Би гэдэг бодлоосоо салж, бид гэж боддог болсон үеэс л хайр улам асч оргилдог гэж тэд боддог. Хэн хэнийгээ орон зайг хүндэлж, хүлээцтэй байдал итгэл гурав дээр хүний амьдрал оршин тогтнодог нь амьдралын хууль хэмээн хоёул хэлж байсан юм.
Хосуудын амьдралд өнгө нэмж ирсэн үйл явдал бол өөрсдийнх нь үргэлжлэл болсон бяцхан үрсээ төрүүлсэн түүхэн мөч. Анх аав, ээж болох гэж байгаагаа мэдээд аз жаргалаар бялхсан гэнэ. Улаан нялзрай бяцхан үрийг эмч энгэр дээр нь тавьж “Охинтой боллоо. Баяр хүргэе” гэхэд Б.Анхцэцэг асгартал уйлжээ. Эмэгтэй хүн л энэ сайхан мэдрэмжийг мэдэрч, ариун цагаа сүүгээ анхны үрдээ амлуулдаг. Аав болсон анхны мэдрэмжийг эрчүүд юутай ч зүйрлэшгүй сайхан гэдэг. Тэгвэл Б.Ижилбаяр ийн ярьж байсан юм. “Эмнэлгийн үүдэнд эхнэрээ төрөхийн хүлээгээд л суугаад байсан. Хадам ээжтэй эхнэр маань яриад төрчихлөө гэдгийг сонсоод маш их баярлаж, хажууд сууж байсан танихгүй хүнд хүртэл хэлсэн. Хүүхэдтэй боллоо гээд хөл газар хүрэхгүй баярлаж байгаа мөртлөө үүрэг хариуцлага бодогддог юм билээ. Баярлаж, доглосон сэтгэлээр охинтойгоо уулзсан. Би өөрийгөө харандаа, эхнэрийгээ зургийн дэвтэр гэж боддог. Бид хар зургаа гоё өнгөөр будаж төгс бүтээл бий болно. Тэгэхээр хүүхэд бол будаг л гэсэн үг гэж бодож явдаг. Өнгө тодрох тусмаа аз жаргалыг авч ирнэ” гэсэн юм.
Охиноо төрүүлээд жилийн дараа удамын үргэлжлүүлэх бяцхан ханхүү хорвоод мэндэлж, Б.Ижилбаярынх хүч тэнцүү болжээ. Аз жаргалын амин дэм, аав ээжийн наран болсон бяцхан үрстэй болсноор үүрэг хариуцлагыг хамтад нь үүрч амьдрах ёстой. Тэдний хувьд хүүхдүүддээ өв хөрөнгө өвлүүлэн үлдээх биш хүн чанартай хүнлэг сэтгэлтэй хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ.
Их сургуулиа төгсөөд Б.Ижилбаяр цэргийн албанд мордов. Хайртай бүсгүйтэй сэтгэл зүрхний угаас ундрах сайхан үгстэй захиаг сийрүүлж, шуудангаар дайна. Хэзээд үнэ цэнэ алдахгүй хадгалаад хөгширснийхөө дараа хамтдаа уншихад ч хамгийн сайхан дурсамж хэмээн хэлж байсан юм.
Тэрбээр хайртай хань, бяцхан үрсээсээ хол хөдөө ажилладаг. Аав хүн амьдралынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагтай. Амрах завгүй ажилладаг ч арын бүхий л ажлыг эхнэр нь хариуцаж, хүүхдүүдээ харж, өсгөж байна. “Би хөдөө ажиллаад хэд хоног гэр бүл дээрээ ирж амардаг. Амрах хэдхэн хоногтоо гэр бүлдээ анхаарал сайн хандуулж, хамтдаа агаарлаж, хүүхдүүддээ тоглож, ном уншиж өгч, хамтдаа дуулж, бүжиглэсээр нэгэн өдөр өнгөрнө. Манай эхнэр багш мэргэжилтэй. Хүүхдүүдээ багаас нь зөв хүмүүжүүлэх талд анхаарал сайн хандуулдаг. Ухаантай байж, хайртай ханийнхаа итгэлийг алдахгүй байхад л гэр бүлийн үнэ цэнэ аз жаргал оршино” гэв.
Гэр бүлдээ гэрэл нэмэгч Б.Анхцэцэг сайхан ирээдүй, аз жаргал, эрүүл энх тайван амьдралд түших бага болдог хайртай ханьдаа зориулж сэтгэлийнхээ үгсийг илгээсэн юм. “Амьдрал гэдэг далайд хайраараа итгэлээрээ сэлүүрдэж, зүрхийг минь үргэлж хайраар бялхуулж сэтгэлийг минь үргэлж урмаар шагнаж анх ямар байсан яг тэрэн шигээ байж хэзээ ч урвахгүй хугарахгүй айл гэрийн ноён нуруу хөөрхөн хоёр үрсдээ хамгийн сайн аав чамдаа маш их баярлалаа. Маш их хайртай шүү. Чи бол би. Би бол чи...” гэв. Нэгэн биений хоёр тал болж, хайр дурлал, зүрх сэтгэлээрээ холбогдож, хан хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулж яваа гэр бүлд гэгээн бүхнийг хүсье.
С.Ичинхорлоо