Хүндлэл, итгэлцлээр хайраа холбосон хос

Навчис шаргалтсан  гудамжаар нялх үрээ салхилуун зогсох хосууд намар цагийн хайрыг харцаараа илэрхийлэх шиг хэн хэн рүүгээ инээмсэглэнэ зогсоно.  Анхны үрийн зулайгаа үнэрлэж, аав ээж хэмээх эрхэм алдрын эзэд болсон залуухан хосууд буюу аз жаргалын түүхээ хүмүүний амьдралын хуанлид бичиж яваа Э.Өнөржаргалын гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа онцоллоо.  Түүний хайрыг татаж, гэрийг чимсэн гэргийг Э.Халиун гэдэг. Тэд бяцхан охиныхоо хамт нийслэл хотын нэгэн дүүрэгт аж төрдөг.

Хүний амьдралын дурсамж дуртгал дүүрэн он жилүүд хүүхэд насанд өнгөрдөг. Э.Өнөржаргал багын даруухан, аав ээжийнхээ өгсөн үүрэг даалгавар, ажлыг ягштал хийдэг хүү байсан гэнэ. Арван жилдээ монгол хэл, түүх, нийгмийн хичээлдээ илүү шамдан суралцдаг байжээ. Чөлөөт цагаараа дуу сонсож, зураг зурах сонирхолтой нь удмаас нь өвлөгдсөн авьяас. Учир нь түүний өвөө Төрийн шагналт зураач хүн байжээ. Тэрбээр ихэр заяанд мэндэлсэн учир хүүхэд насных нь хөгжилтэй дурсамж бүр ихэртэй нь холбогдоно. “Хоёрдугаар ангид байсан санагдаж байна. Багш шалгалтын хуудас тарааж өгөхөд найзууд бүгд А авсан. Гэтэл би ямар дүн авсныг ихэр маань хараад их шоолсон. Удалгүй ихрийн шалгалтын хуудас ирсэн. Харах гэсэн зугтаж гүйгээд байхаар нь барьж аваад үзсэн чинь ангиасаа ганцаараа B авчихсан. Сэтгэлээс огт гардаггүй сайхан дурсамжийн нэг.  Хөвгүүд цагдаа болно гэж багаасаа ярьдаг байсны адил Э.Өнөржаргал ч тэгж боддог байв. Харин том болохын хэрээр хуульч болно гэж боддог байсан ч түүний сонголт тэс өөр мэргэжлийг эзэмшихэд хүргэжээ.  Ангийнх нь багш, ээж хоёр нь эмч болох санал тавьснаар ирээдүйн мэргэжлээ сонгосон байна. Өөрөө ч суралцах мэргэжлийнхээ талаар судалгаа хийсний үндсэнд АШИҮИС-ийг хүний их эмчээр төгсчээ.

Харин Э.Халиуны хувьд сурлага сайтай, хөгжилтэй, даруу төлөв зантай сурагч байжээ. Математик, дүрслэх урлагийн хичээлдээ илүү их сонирхолтой ч бүгдэд нь сайн сурдаг ангийн тэргүүний сурагчийн нэг байсан гэнэ. Чөлөөт цагаараа байрныхаа найзуудтай дээс, бөмбөг, мортал зэргийг тоглоно. Амьтан, шавжнаас айна. Сониуч зантай хоёр дүү нь зуны улиралд шилэн саванд шавьж, хорхой барьж, “Гэрээ цэвэрлэхгүй бол нуруу нь дээр чинь тавина” хэмээн дэггүйтэж, эгчээрээ гэрээ цэвэрлүүлчихдэг байсан нь одоо бодоход хөгжилтэй дурсамж болон үлджээ. Тэрбээр ХААИС-ийг  бизнес, эдийн засагч мэргэжлээр суралцан төгсчээ.  Маркетинг менежмент, нягтлан бодогч, хүний нөөц рүү хөрвөх чадварыг нь харж сонгосон гэдгээ хэлэх бүсгүй мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаж байгаад дикретээ авсан байна.

No description available.Э.Халиун “Нэкст электроникст” ажилладаг байжээ. Э.Өнөржаргал цахилгаан бараа үзэж явахдаа I7 зөөврийн компьютер авахаар сонирхож явахдаа ирээдүйн гэргийгээ харж утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох уу гэж хэлснээр дугаарыг нь авсан байна. Фэйсбүүкээр холбогдож, танилцсан байдаг. Түүний дараа зориг гарган хоолонд урьж, хамтдаа гадуур алхан, гэрт нь хүргэж өгчээ. Даруу төлөв, хүмүүжил сайтай санагдаж, уулзаад үерхээд үзье гэсэн бодол төрсөн дөө гэсэн юм.

Харин анхны уулзалтаа Э.Халиун ийн дүгнэв. “Хөмсөг, сахал ихтэй. Үсэрхэг залуу санагдсан. Зан аашийн хувьд нийтэч, яриасаг, илэн далангүй байдал нь таалагдсан” гэв.

Э.Өнөржаргал ирээдүйн эхнэртэй үерхэх саналаа романтикаар тавихыг бодсон ч цаг нь ирэхэд чатаар тавьжээ. Саналыг зөвшөөрснөөр тэд болзож, цагийг дурсамжаар дүүрэн өнгөрөөж эхэлсэн байна. Олон удаа уулзсны дараа Э.Халиун найзтайгаа хамт түрээслэн амьдардаг байрандаа найз залуугаа урив. Сэтгэлээ шингээж, банштай цай хийхийг хүссэн ч түүний төсөөлсөн шиг болоогүй гэдэг. Цай нь ширгэж, бантантай, банштай цай болсон гэдгээ хоорондоо ярьж, инээлдэж байгаагаас тэд дахин тэр мөчдөө очсон мэт санагдав.

No description available.

Хоёр өөр орчинд өссөн ч хайраар холбогдсон хосуудад хүний амьдралд тохиолдох бүхний эхлэл тулгарна. Үзэл бодлын зөрчил үе үе гарах ч хэн хэнийгээ ойлгосноор асуудал шийдэгдэнэ. Туньж, ам зөрөх бүртээ ярилцана. Учрах ёстой хүмүүс л учирдаг гэдгийн адилаар тэдний зан, төрх ч төстэй.

Хайр бол хүндлэл, итгэлцлийн холбоос. Тиймээс хоёр биенийхээ үзэл бодлыг хамгийн их хүндэтгэнэ. Хайраар холбогдож, итгэлээр жигүүрлэсэн хосуудын хувьд харилцаанаасаа хардалт гэдэг ойлголтыг хасчээ. Харин харамлах, туних асуудлыг хэн хэн нь ойлгосоор он цагийг туулна гэдгээ товч бөгөөд тодорхой хариулсан юм.

Э.Өнөржаргалын хувьд  хайрт ханьдаа гэнэтийн бэлэг барихдаа маруухан. Бэлдсэн бэлгээ өмнө нь тэсэхгүй хэлчихдэг хэмээн инээмсэглэв. Үерхэж эхэлсэн жилийнхээ өвлийн анхны цасан ширхэг бударч байхад ажлаас нь тосч аваад буцах замдаа Номин орж, хайртдаа зориулж цэцэг бэлэглэсэн нь хамгийн сайхан дурсамжийн нэг.

Харин Э.Халиун баяр бүхнээр бэлэг барих уламжлалыг тогтоожээ. Шинэ он гарах торгон агшинг өнгө оруулж, хайр дурлалдаа бататгаж, үнэ цэнэтэй амьдралыг бүтээхэд өөрийн сэтгэлээ шингээсэн сайхан бэлгийг барьж баярлуулсан гэдгийг гэрийн эзэн ярив.

Амьдралаа өнгө нэмж, алаг үртэй болохоо мэдсэн үеэс эхэлж эхнэрийгээ асарч халамжлахдаа эмчийн мэдлэгээ ашиглана. Эрчүүд тэрбүрчлэн дааврын болон сэтгэл санааны өөрчлөлтийн талаар мэдэхгүй. Тэгвэл Э.Өнөржаргал энэ бүгдийг судлаад суралцсан учир тэр бүхнийг мэргэжлийн хүний нүдээр харж, ойлгож, хайрлаж, халамж анхаарлыг илүүд үзсэн гэнэ. Энэ талаар “Эмэгтэй хүн эмзэг болчихдог үе. Тиймээс баярлахад нь цуг, аашлуулахдаа чимээгүй аашлуулж, үгээр нь байж, халамжилсан. Ханиа жирэмсэн, төрсний дараа хайрлах нь эр хүний ухаан. Ухаан зарж, ойлгох хэрэгтэй” гэв.

 

2021 оны есдүгээр сарын 18-ны 04.40 цагт хайртай үр нь хорвоод мэндэлснээ зарлан уйлах агшинг үгээр хэлж, үзгээр бичишгүй аз жаргалтай мөч. Хоёр талын аав, ээжүүд, ихэр нь, найзууд нь ирчихсэн эмнэлгийн гадаа хүлээжээ. Эх баригчаас төрсөн гэдгийн сонсох л сонин мэдрэмж хэмээн хэлэх Э.Өнөржаргал өмнө нь тэгтлээ их баярлаж, инээмсэглэж байсангүй. Аав ээждээ анхны ачийн төрүүлж өгч, ихрээсээ өмнө аав болж, эхнэрээ ээж хэмээх эрхэм алдрын эзэн болгосон учир тайвшралын мэдрэмжийг авахын зэрэгцээ хайраас ургасан үрээ харахыг догдлол дүүрэн хүлээж, шинжилгээгээ өгч, орж байснаа ярьсан юм.

“Төрснийх нь дараа 30 минутын дараа, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад орсон. Эхнэрээ хүндрэлгүй төрснийг хараад бахархаж, хайрласан. Охиноо амлуулахыг хажуугаас нь харсан. Аав, ээж болох асар том хариуцлага. Хүүхэдтэй болно гэдэг хайраа баталгаажуулсны хэлбэр юм. Амьдралд утга учир бол хүүхэд. Яг тухайн мөчид аав, ээжийгээ их бодсон. Биднийг төрөхөд ийм сайхан мэдрэмжийг авсан байх гээд л. Үр хүүхдийнхээ төлөө тууштай зүтгэдгийг өөрөө аав болоод ойлгосон доо” хэмээв.

No description available.Үерхэх, хамт амьдрах, хүүхэдтэй болох нь хайрын шат руу алхам алхмаар өгсч байгаагийн илрэл гэж бодсон. Хүүхэд хэвлийдээ байх, төрсний дараа амьдралын хэмнэл 360 хэм өөрчлөгддөг. Түүний адил үргэлж үрээ гэсэн сэтгэлээр бүхэнд хандана. Ханийн минь амьдралд оролцох оролцоо асар их нэмэгдсэн гэдгийг Э.Өнөржаргал хэлж байлаа. Энэ нь эмэгтэй хүний амьдралыг цогцлоогч шүү гэдгийг тэрбээр үгээрээ илэрхийлсэн хэрэг.

 

Аавын долоо хоногоо авсан байх хугацаандаа хоол, цайг нь хариуцаж хийхээс гадна хайртай хоёртоо халамж, анхаарлыг түлхүү тавьжээ.

Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрах хэрэгтэй гэдэг. Э.Өнөржаргалын гэр бүл цахим орчинд дурсамж, дурьтгал дүүрэн амьдралынхаа түүхийг пэйж хуудастаа нийтэлж, үеийнхэндээ төдийгүй гэр бүл зохиож байгаа хосууддаа үлгэрлэдэг эгэл жирийн залуусын тод төлөөлөл. Хүмүүний амьдралын утга учирыг хайртай хүмүүстэйгээ эрүүл саруул, урт удаан аз жаргалтай амьдрахыг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ”  гэдгийг тэд тодотгов. 

“Эр хүний амьдралын 50 хувь нь хайр байдаг бол 50 хувь нь хүн чанар гэж бодож явдаг. Залуучууд амьдралыг илүү их, өнгөтэй хараасай гэсэн үүднээс пэйж хуудас хөтөлдөг. Дагагчид маань ойлгодог байх. Би үр хүүхдэдээ эд хөрөнгө өвлүүлэхээс илүүтэйгээр хүмүүжлийг өвлүүлж, үлдээнэ. Аав ээжээсээ би зөв хүмүүжлийг өвлөсөн. Боловсролтой хүн болгоно. Ер нь хүний сурсан мэдлэг боловсролыг хэн ч булааж авч чадахгүй” гэсэн юм.

No description available.

No description available.

No description available.No description available.